2003 оны ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцийн дагуу
- Хүн төрөлхтөний төлөөллийн бүртгэл
- Яаралтай хамгаалах төлөөллийн бүртгэл
гэсэн хоёр ангилалаар зөвхөн тухайн улс орны онцлогыг илтгэх зан заншил, үйл хэргийг 5 ай савд хуваан соёлын биет бус өв хэмээн бүртгэж авдаг байна.
Манай улс төлөөллийн бүртгэлд 8, яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн бүртгэлд 7 нийтдээ 15 өвийг бүртгүүлжээ. Эдгээр өвд Уртын дуу, Морин хуурыг анх бүртгүүлж байсан бол сүүлд
- 2015 онд Ботго авахуулах зан үйл,
- 2017 онд Уул овоо тахих зан үйл,
- 2019 онд Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйлийг бүртгүүлжээ.
Соёлын биет биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүлснээр хадгалж, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх бодлого төлөвлөгөөг улсаас хэрэгжүүлдэг. Мөн үүнд ЮНЕСКО ч хамтран ажиллаж, тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байна. Одоогоор манай улсын соёлын биет бус өвийн үндэсний жагсаалтад ЮНЕСКО-д бүртгүүлээгүй 360 гаруй өв байна.
Соёлын биет бус өвийг хадгалж, хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд судлаач нараас гадна биет бус өвийг өвлөн уламжлагчид чухал нөлөөтэй байдаг. Гэвч манай улсын хувьд биет бус өвийг мэргэжлийн түвшинд өвлөн уламжилж байгаа 100 гаруй иргэн л бүртгэгджээ.