Жил бүр улсын төсвөөс багагүй хэмжээний хөрөнгө мөнгийг эзэнгүй нохой муурын устгалд зориулдаг. Тухайлбал энэ жил гэхэд л нохой, муурын устгалд 1.8 тэрбум төгрөг төсөвлөсөн ч энэ нь үр дүн муутай арга хэмжээ юм. Тэгвэл эзэнгүй нохой, муурын тоог багасгах хамгийн зөв бөгөөд үр дүнтэй арга нь эзэнтэй нохой муурын үржлийг хаах мэс засал бөгөөд нохой муурын эздийг хуулиар хариуцлага хүлээлгэх нөхцөлийг бүрдүүлэх гэдгийг холбогдох албаны зүгээс мэдээлж байна.
Гэрийн тэжээвэр амьтдын тухай хуулиар эзэнгүй нохойг галт зэвсгээр устгадаг байдлыг зогсоож, эзэнтэй нохой, муурт үржил хязгаарлах мэс ажилбар буюу спей, заслага хийх мөн унтуулах тариа тарих цаашлаад тэжээгч эздийг хариуцлага хүлээлгэх журмууд батлагдана. Олон улсад эзэнгүй нохой муурын тоог багасгахын тулд татварын орчин, эздийн хариуцлагатай байдал зэргийг нарийн хуульчилдаг байна.
Мөн нохой, муурын үнэ хямд байдагтай холбоотойгоор эзэнгүй нохой, муурын тоо өсөж байна. Үүлдрээс шалтгаалж нохой, муурын үнэ олон улсад янз бүрээр үнэлэгддэг. Гэвч манай улсад замбараагүй үржлээс шалтгаалж үнэ хямд байдаг тул янз бүрийн үүлдрийн нохой, муур нь гудамжинд тэнүүчлэн, эзэнгүй явдаг.
Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн мэдээлснээр Улаанбаатарт 300-350 мянга орчим эзэнгүй ноход бий гэсэн тооцоо байна. Тэгвэл жилд дунджаар 80-90 мянган эзэнгүй нохой, муурыг устгалд оруулдаг байна. Энэ жилийн хувьд гэхэд л нохой, муур устгалд 1.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Мөн устгалаас гадна сэг зэмийг нь бүрэн цэвэрлэхэд жилд ойролцоогоор 130 орчим сая төгрөг зарцуулдаг байна. Хэрэв сэг зэмийг устгаж чадахгүй бол хөрсний бохирдол, халдвар өвчин зэргийг үүсгэдэг байна.