Манай улсын эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээ бодвол боловсролын түвшин өндөр байдаг хэдий ч хөдөлмөр эрхлэлтээрээ харьцангуй бага түвшинд байна. Мөн эмэгтэйчүүдийн орлогын хэмжээ, ажлын байрны бэлгийн дарамт, хөдөлмөрийн нөхцөл зэрэг нь олон хүндрэл бэрхшээл дагуулж байгаа зэрэг олон асуудлыг өчигдөр болсон эмэгтэйчүүдийн Үндэсний чуулганд оролцогч 300 гаруй төлөөлөгч хөндөн хэлэлцсэн байна.
Эмэгтэйчүүдийн Үндэсний чуулганаар өндөр цалин орлоготой салбарт эмэгтэйчүүдийн оролцоог стратегийн бодлогоор нэмэгдүүлэх, Нийгмийн даатгалын шимтгэлийн өвлүүлэх асуудлыг шийдэх, гадаадын улс оронд ажиллаж буй эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргах түвшинд хүргүүлэхээр болсон байна.
Төмөр замын салбарт цөөн тооны эмэгтэйчүүд ажилдаг. Цар тахлын өмнөх үед тус салбарын эмэгтэйчүүдийн ажлын байранд давхар хүүхдээ харах өрөөгөөр хангах, цагийн менежментийн асуудлыг уян хатнаар шийдэж өгдөг байжээ. Энэ мэтчилэн эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн байдлыг харгалзан авч үзэж хэсэгчилж цагаар ажиллуулах, цахимаар ажлаа хийх нөхцөлөөр хангах бодлогыг байгууллагууд авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж олон улсад зөвлөдөг байна.
Эмэгтэйчүүдийн дундаж цалин эрэгтэйчүүдийнхээс бага байх нь тухайн улсыг ядууралд хүргэх нэг шалтгаан болдог. Гэтэл Монгол улсын хамгийн өндөр цалинтай салбар болох уул уурхайн салбарт ажиллах эмэгтэйчүүдийн эзлэх хувь бага байгаа юм. Өөрөөр хэлбэл, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо бага байдагтай адил инженер, уул уурхай, барилга, тээвэр гэх мэт өндөр орлоготой салбарт эмэгтэйчүүд зөвхөн үйлчилгээний хэсэгт л ажиллаж байгаа юм. Тиймээс өндөр цалин, орлоготой салбарт эмэгтэйчүүдийн ажиллах түвшнийг нэмэгдүүлэхийн тулд нэгдсэн бодлого, зохицуулалт, хөтөлбөр шаардлагатай гэж салбарын төлөөллүүд тайлбарлаж байна. Мөн Монголын Үйлдвэрчний эвлэлээс гадаадад амьдарч буй 200.000 гаруй иргэд тэр дундаа эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх нөхцөлийг гадаадыг улсын Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран ажиллахаар төлөвлөж байгаа гэсэн юм.