2023 оны УИХ-ын хаврын чуулганаар төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Сүүлийн жилүүдэд манай улсын авлигын төсөөллийн индексэд ахиц гараагүй бөгөөд харин ч авлигын гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байгаа юм. Эдгээрийн цаад шалтгааныг төр өөртөө өмчтэй байгаатай холбон тайлбарлаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчит 460 гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээр байгууллагуудад авлигыг бууруулах, ашигтай ажиллуулах, үйл ажиллагааг нь ил тод нээлттэй байлгах зорилгоор төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Уг хуулийн төслийг УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр болжээ.

Төрийн өмчийн компаниуд дотоодын нийт бүтээгдэхүүний 50 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг гэсэн судалгаа байдаг. Гэвч эдгээр компаниудаас ашигтай ажиллаж байгаа нь цөөхөн бөгөөд 2022 оны сүүл гэхэд төрийн өмчит компанийн нийт өр 3 их наяд төгрөгт хүрээд байгаа юм. Тэгвэл төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулах, бүтцийг шинэчлэх зорилтыг Засгийн газарт тавиад байгаа бөгөөд үүний хүрээнд төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг боловсруулсан. Хуулийн төсөлд төрийн өмчийн компанийн ТУЗ-ыг олон нийтэд нээлттэй байдлаар сонгон шалгаруулах хийгээд тухайн компани хоёр жил дараалан алдагдалтай ажилласан тохиолдолд удирдлагыг чөлөөлөх зэрэг зохицуулалтыг тусгасан байна.

Нөгөө талаас төрийн өмчийн компаниуд алдагдал орж улсад онц их хэмжээний хохирол учирсан ч удирдлага ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээхгүйгээр ажлаас чөлөөлөгдөөд өнгөрөх тохиолдол цөөнгүй гардаг. Тэгвэл хуулийн төсөлд төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг нээлттэй болгох, цаашлаад үе шаттайгаар олон нийтийн өмчит хувилбар руу шилжүүлнэ.

Сүүлийн есөн жилийн дунджаар төсвийн зарцуулалт дотоодын нийт бүтээгдэхүүний 33 хувийг эзэлж байгаа юм. Харин төрийн болон орон нутгийн өмчит компаниуд үүний 22 хувийг эзэлж байна. Үүн дээр төрийн өмчийн сангууд болон төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүд нэмэгдвэл манай улсын нийт эдийн засгийн 60 орчим хувь нь төрийн мэдэлд байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн тал хувь нь төрийн мэдэлд буюу төрийн өмчийн компаниудын мэдэлд байгаа учраас хуулийн зохицуулалтыг илүү боловсронгуй болгож хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалт шаардлагатай байгаа юм.