Улаанбаатар хотын гэрэлтүүлэг 98.3 хувьтай байна

Улаанбаатар хотын гэрэлтүүлэг сайжирсан ч Нийслэлийн захын хорооллоор гэрэлтүүлэг муу хэвээр байна. Тиймээс иргэд өвлийн улиралд хальтарч унах цаашлаад хүүхэд залуус шөнө, оройн цагаар явахад айх эмээх, гэмтэх бэртэх тохиолдол их гарч байна. 

Улсын төсвөөс жилд ойролцоогоор 9.6 тэрбум төгрөгийг нийт гэрэлтүүлэг, засвар үйлчилгээ, цахилгааны зардал зэрэгт төсөвлөдөг байна. Гэтэл одоог хүртэл гэр хорооллын зарим хэсэгт гэрэлтүүлэггүй байгаа юм. Сургуулийн насны хүүхдүүд оройн цагаар тарах тохиолдол их гардаг учир гэрэлтүүлэггүй замаар явахаар нохойд хазуулах, согтуу хүнээс айх гэх мэт олон бэрхшээлтэй асуудал гардаг талаар хүүхдүүд ярьж байна.

Зүүн салааны оршин суугчдын хэлснээр гэр хорооллын гудамж хэсгээр гэрэлтүүлэг тавих талаар хороондоо хүсэлт явуулдаг ч хариу өгдөггүй, асуудлыг шийдвэрлэдэггүйгээс үүдэн шөнө оройн цагаар иргэд гэмтэж бэртэх тохиолдол олон гардаг. Мөн зарим айлууд гудамжаар үнсээ ил задгай асдагаас болж үүн дээр унаж хувцсаа бохирдуулах цаашлаад хаврын улиралд шавхай, усанд гишгэх зэрэг асуудал үүсдэг талаар Зүүн салааны оршин суугчид хэлж байна.

Одоогоор нийслэлийн гэрэлтүүлэг  98 гаруй хувьтай байна. Тэгвэл холбогдох албаны зүгээс солонгосын аж үйлдвэрийн яамтай хамтран  үлдсэн  гэр хорооллын зарим хэсгийн гэрэлтүүлгийн асалтын хувийг 100 хувьд хүргэхээр зорин ажиллаж байгаа байна.

Мөн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас дүүргүүд, гэрэлтүүлгийн ашиглалт үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжтэй гуравласан гэрээ байгуулж ажиллаж байна. Гуравласан гэрээ байгуулснаар гэрлийн асалт, эвдрэл гэмтлийг илүү сайн хянах тогтолцоо бүрдсэн талаар мэдээллээ.