Нийслэлийн алслагдсан бүсэд амьдардаг айл өрхийн  хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөх тохиолдол их гардаг

Хүүхэд хамгааллын хамтарсан баг ажиллуулах тухай 2016 онд хүүхэд хамгааллын хуульд тусгажээ. Улмаар хүүхэд хамгааллын байгууллагуудаас бүрдсэн хамтарсан баг хүүхдийн эсрэг хүчирхийллийн шалтгааныг олж тогтоон эрсдэлийн үнэлгээ хийж шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлдэг болсон. Гэвч сүүлийн жилүүдэд хүүхэд ор сураггүй алга болох, бэлгийн болон бие мах бодийн хүчирхийлэлд өртөх нь ихэссэн. Тэгвэл  иргэдийн зүгээс төр, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллагууд хангалттай ажиллаж чадахгүй байна гэж шүүмжилж байна.

Хүүхдийн тусламжийн 108 дугаарт өдөрт дунджаар 300 орчим дуудлага мэдээлэл ирдэг байна. Өнгөрөгч 2022 оны тухайд тус төвд 111 мянга орчим дуудлага иржээ. Хүчирхийллийн эсрэг холбогдох байгууллагууд хэргийн шалтгааныг нь олж тогтоон эрсдэлийн үнэлгээ хийж хамтарсан баг гарган шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлдэг байна.

Тэгвэл иргэдийн зүгээс хүүхэд хамгааллын байгууллагуудын бодлого хэрэгжүүлж байгаа арга хэмжээ төдийлөн нийгэмд нөлөөлж чаддаггүй гэж үзэж байна.

Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвд өдөрт дунджаар 8 орчим хохирогч ханддаг байна. Тэд ихэвчлэн бэлгийн болон бие мах бодийн хүчирхийлэлд өртсөн гэх шалтгаантай байдаг. Ихэвчлэн алслагдсан гэр хороолол орчимд хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөх тохиолдол их гардаг байна. 108 дугаарт ирж байгаа нийт дуудлагын нийт дуудлагын 90 орчим хувь нь архи согтууруулах ундаанаас шалтгаалсан хүчирхийлэл бүртгэгддэг байна. Улмаар асран хамгаалагч хүүхдийг хараа хяналтгүй орхисноос шалтгаалж хүчирхийлэгчийн бай болоход нөлөөлдөг байна..

Хүчирхийлэлд өртсөн хохирогч мэдээллийг амаар, бичгээр, утсаар, цахим хэлбэрээр хүүхэд хамгааллын байгууллагуудад мэдээлэх боломжтой байдаг. Мэдээллийг ямар хэлбэрээр өгснөөс үл хамааран мэдээлэл хүлээн авсан байгууллага, албан тушаалтан гэр бүлийн хүчирхийллийг хуульд заасан арга хэрэгслээр таслан зогсоох, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд шууд аюул учирсан, эсхүл тухайн орчин нь аюултай гэж үзвэл хохирогчийг хамгаалах арга хэмжээг даруй авах үүрэгтэй. 2017 онд шинэчлэгдсэн хүүхэд хамгааллын тухай хуулиар хүчирхийлэгчид  эрүүгийн болон зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцохоор тусгасан байна.