Нэг автомашиныг бүтэн угаахад дунджаар 50 литр цэвэр ус зарцуулдаг

Нийслэлд автомашин угаалгын 150 орчим газар үйл ажиллагаа явуулж байна. Нэг угаалгын газар өдөрт дунджаар 20-30 орчим автомашин угаадаг гэж үзвэл өдөрт дунджаар 2-3 тонн орчим цэвэр ус зарцуулдаг байна. Автомашин угаалгын газруудад цэвэр ус ашиглахыг хориглоно гэж салбарын сайд мэдэгдээд байгаа ч ойрын хугацаанд саарал усыг хэрэглээнд нэвтрүүлэх боломжгүй байна. Саарал ус нөөцлөх сав, техник тоног төхөөрөмж бэлтгэхэд ихээхэн хэмжээний төсөв мөнгө шаардлагатай.

Засгийн газраас 2018 онд цэвэршүүлсэн усыг эргэлтэд оруулж дахин ашиглах тогтоол гаргасан байдаг. Тэгвэл өнгөрөгч 7 хоногт автомашин угаалгын газруудад цэвэр ус ашиглахыг хориглох талаар салбарын сайд мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар 30 гаруй автомашин угаалгын газар цэвэршүүлсэн усыг хэрэглээнд нэвтрүүлээд эхэлсэн байна.

Тэгвэл авто угаалгын газар ажиллуулж байгаа иргэдийн дийлэнх нь түрээсээр ажиллуулдаг байна. Тэд нэг литр ус тутамд 240 төгрөгийн төлбөр төлдөг. Өдөрт дунджаар 2-3 тонн цэвэр усыг ашигладаг байна. Салбарын сайд хэдийгээр саарал усыг хэрэглээнд ашиглах нөхцөл боломж нь бүрдсэн гэж үзэж байгаа ч үйлчилгээ эрхэлж байгаа газрууд хэрэглэсэн усаа дахин ашиглахын тулд нөөцийн сав угаалгын төхөөрөмж зэргийг шинээр суурилуулахад 100 орчим сая төгрөг шаардлагатай гэдгийг мэдээлж байна.

Нэг автомашиныг бүтэн угаахад дунджаар 50 литр цэвэр  ус зарцуулагддаг. Гэтэл манай улс 2030 он гэхэд цэвэр усны хомстолд орно гэдгийг судлаачид хэлж байна. Тиймээс цэвэр усны хэрэглээг хянах шаардлага үүсэж байна. Автомашин угаалгын газруудад саарал усыг хэрэглээнд нэвтрүүлэхэд шаардлагатай техник тоног төхөөрөмжийн асуудлыг  шийдвэрлэх нь цэвэр усаа хэмнэх чухал алхам болно.