Барилга, байгууламжийг барихаас эхлэн бүх үе шатанд хөндлөнгийн хянах байгууллага ажиллах хэрэгтэй

Энэ оны 2-р сард Бүгд Найрамдах Турк болон Сири улсад 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж ихээхэн хэмжээний хохирол учирч олон мянган иргэн амь эрсэдсэн юм. Харин Монгол улсад энэ хэмжээний хүчтэй газар хөдлөлт болох эрсдэл цаашлаад Улаанбаатар хотын барилга, байгууламжийн нурах магадлал болон хохирлын хэмжээ өндөр байгааг эрдэмтэн, судлаачид анхааруулж байна. Улаанбаатар хотын газар хөдлөлтийн идэвхтэй бүс болон бусад тоон мэдээллийг харвал: 

  • Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 98 хувь нь идэвхтэй газар хөдлөлтийн бүсэд хамаардаг. Үүнээс харвал хүчтэй газар хөдлөлт болсон тохиолдолд Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц аюул учрах магадлал өндөр байна.
  • Нийслэлд 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөхөд төвийн 6 дүүргийн барилга байгууламжийн нурах магадлал, хохирлын хэмжээ нь 22-48 хувьтай байна.
  • Тэр дундаа гэр хороололд хүчтэй газар хөдөлсөн тохиолдолд хохирлын хэмжээ 81 хувьд хүрнэ гэж тооцоолсон байна. Энэ нь инженерийн бус хийцтэй буюу иргэд өөрсдөө барьсан барилгууд их байгаа юм.
  • Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад ирсэн иргэдийн нийт гомдлын дийлэнх хувийг буюу 75 хувь нь барилга байгууламжийн чанар аюулгүй байдал, барилгын норм дүрэм зөрчиж буйг шалгуулах, хянуулах, барилга байгууламжийн ажлыг зогсоох тухай байжээ.

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тухайн барилга, байгууламжийн зураг төслийг боловсруулж батлуулхаас эхлээд барилгын ажлын угсралт, Улсын Комисст хүлээн авах хүртэлх бүх үе шатны хууль, тогтоомж эрхзүйн асуудлыг шинэчлэх шаардлагатай байгаагаас гадна тус салбарын тогтолцоог өөрчлөх хэрэгтэй байгааг салбарын төлөөллүүд хэлж байгаа юм.

Улаанбаатар хот орчимд газар хөдлөлтийн зургаан хагарал, хотын төвд нэг хагарал байгаа нь тогтоогдсон. Харин өнөөдрийн байдлаар Улаанбаатарт нийт 335.105 барилга байгууламж байна. Эдгээр барилгын чанар стандарт нь шаардлага хангаж байгаа эсэх нь эргэлзээтэйг иргэд шүүмжилдэг. Тиймээс импортын барилгын материалын чанар үүнийг шинжлэх лаборатори цаашлаад хөндлөнгийн хянах байгууллага, зөвлөх үйлчилгээ зэргийг нэвтрүүлэх шаардлагатай байна.

Мөн иргэн, хуулийн этгээдэд шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулахад хээрийн судалгаа хийдэггүй, гэрээний үүргийн биелэлтийг дүгнэдэггүй, баталгаажуулсан талбайн хэмжээгээр газрыг ашиглаж байгаа эсэхэд хяналт тавьдаггүй зэрэг олон асуудал тулгамдаж байгааг хотын дарга онцолж байна.

Газар хөдлөлтийн давтамж сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгааг салбарын төлөөллүүд онцлон хэлж байна. Тиймээс эрсдэл гамшгаас сэргийлэх, мөн хөрсний суулт, нуралт зэрэг хүчин зүйлийг тооцоолж барилга байгууламж барих нь чухал юм. Мөн барилгын ажлын угсралт, Улсын Комисст хүлээн авах хүртэлх бүх үе шатанд хууль, журам, норм дүрэм зөрчигдөж байгааг арилгаж, гэр хорооллын хэсгийн барилга байгууламжийг газар хөдлөлтөд тэсвэртэй эсэхийг нягтлан дүгнэх шаардлагатай байна.