ЭЕШ өгөх шалгуулагч сонгон суралцсанаас бусад хичээлээр шалгалт өгөх бол заавал зөвшөөрөл авахыг багш шаарджээ

Энэ жилийн ЭЕШ-ын бүртгэл 2-р сарын 6-ны өдрөөс эхлэн 4-р сарын 14-ны өдрийг хүртэл онлайнаар явагдаж байна. Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчид 10 хүртэлх хичээл сонгон шалгалт өгөх боломжтой. Гэвч зарим сургуулийн багш, удирдлагууд сурагчийг хүссэн хичээлээр нь ЭЕШ өгүүлэхээс татгалзах, заавал багшаасаа зөвшөөрөл авахыг шаардсан тохиолдлууд гарч байгаад сурагчид болоод эцэг эхчүүд дургүйцэж байна.

ЭЕШ-ын бүртгэл дуусахад сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Шалгалт өгөгчид 10 хүртэлх хичээлээр шалгалт өгөх бүрэн боломжтой. Гэвч төгсөх ангийн сурагчид сургууль болон багш нараасаа шалтгаалан хүссэн хичээлээрээ шалгалт өгөхөөр бүртгүүлж чадахгүй байгаа тухай ярьж байна.

21 аймаг болон 9 дүүрэгт боловсролын үнэлгээний төвтэй гэрээт бүх боловсрол шинжлэх ухааны газрын ЭЕШ бүртгэл хариуцсан мэргэжилтэн болон сургуулийн захиргаа багш нар нь шалгуулагчдын сонголтонд нөлөөлөх бус зөвхөн зөвөлгөө мэдээлэл хүргэн зөвлөн туслах үүрэгтэй юм.

Сурагчдын ЭЕШ нь сургууль болон багш нарын амжилтанд нөлөөлдөггүй, боловсролын үнэлгээний төвөөс сургууль болон багш нарыг жагсаадаггүй, цаашдаа ч жагсаахгүй гэсэн тайлбарыг өглөө. Мөн суралцагч онлайнаар бүртгүүлсэн тохиолдолд тухайн сургуулийн захиргаа болон багш нарын зүгээс болиулах боломж байхгүй.

Мөн өнгөрсөн оны 5-р сард шинэчлэн батлагдсан багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний журмаар багшийг 13 үнэлгээгээр үнэлдэг. Уг журмын дагуу жилд нэг удаа сурагчдаас бичгийн шалгалт авдаг ба энэ нь ЭЕШ -тай холбоогүй. Иймд багш нарыг үүнээс үүдэж сурагчдын хүссэн хичээлээр нь ЭЕШ өгөх боломжийг нээж өгөхийг БҮТ-өөс сануулж байна.