ҮХЦ-ээс нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгож байгаа нь хууль бус гэж үзвэл төсөвт тодотгол хийнэ

2023 оны нэгдсэн төсөвт хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд нь олгохоор болсон. Тэгвэл уг үйлдэл нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн хэсэг иргэд Үндсэн Хуулийн Цэцэд хандаад байгаа юм. Үндсэн Хуулийн Цэц Засгийн газрын гаргасан шийдвэрийг Үндсэн Хууль зөрчсөн гэж үзвэл төсөвт тодотгол хийх асуудал яригдана гэдгийг Засгийн газрын төлөөлөл мэдээллээ.

Уих-ын гишүүд тойрогтоо ажиллах үеэр иргэдийн зүгээс хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгох шаардлагатай талаарх саналыг хүргүүлсэн байна. Иймээс МАН-ын бүлгээс Засгийн газарт хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох саналыг хүргүүлсэн. Үүний сацуу ҮХЦ-д хэсэг бүлэг иргэд хүүхдийн мөнгөтэй холбоотой өргөдөл гаргаад байгаа юм. Тэгвэл Үндсэн Хуулийн Цэц ямар шийдвэр гаргахаас хамааран хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд  олгох эсэхийг шийднэ.

Харин Эдийн Засаг Хөгжлийн сайдын зүгээс төсөвт тодотгол хийх шаардлагагүй гэж үзсэн,  хүүхдийн мөнгийг халамж гэж үзэж байгаа тул төсөвт тодотгол хийхгүй гэж хариуллаа.

Иргэдийн зүгээс хүүхдийн мөнгийг нийт хүүхдийг ялгаварлахгүйгээр олгох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа юм. Тэгвэл Үндсэн Хуулийн Цэцийн шийдвэрээс шалтгаалан хүүхдийн мөнгийг нийт хүүхдэд олгох асуудал шийдэгдэнэ.