“Artificial Intelligence” буюу хиймэл оюун ухаан нь 300 сая бүтэн цагийн ажлын байрыг орлож чадна гэж “Science” сэтгүүлд нийтлэгдсэн тайланд дурджээ. Энэ нь АНУ болон Европ дахь нийт ажлын байрны 25 хувийг орлох боломжтойг илтгэж байгаа юм байна.
Хиймэл оюун ухаан нь 300 сая ажлын байрыг орлосноор нь бүтээмжийг тогтвортойгоор нэмэгдүүлнэ гэдгийг судлаачид онцолжээ. Мөн уг технологийн шийдлийг ашигласнаар нэг жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний салбарын үйлдвэрлэл 7 хувиар нэмэгдэх боломжтой байна. Түүнчлэн хүний хөдөлмөрөөс ялгагдахааргүй контент бүтээх чадвартай хиймэл оюун ухаан нь "Том дэвшил" гэж тайланд дурджээ.
Тэгвэл Их Британийн Засгийн газар хиймэл оюун ухаанд хөрөнгө оруулалт хийх саналыг ихээр дэмжиж байгаа гэдгээ мэдэгдсэн байна. Энэ нь эцсийн дүндээ бүтээмжийг нэмэгдүүлэх, үүнтэй уялдан эдийн засгийн ач холбогдол өснө гэж тайлбарлажээ. Их Британийн техник,технологийн асуудал хариуцсан сайдын мэдээлснээр "Хиймэл оюун ухааныг хөдөлмөрийн зах зээлд нэвтрүүлснээр, ажлын байрны шилжилт хөдөлгөөнөөс үүдэлтэй хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг бүрэн шийдвэрлэнэ” гэдгийг цохон тэмдэглэжээ.
Судлаачдын тайлбарласнаар хиймэл оюун ухааны нөлөөлөл хөдөлмөрийн зах зээлд өөр өөрөөр үйлчилнэ гэж үзэж байна. Хиймэл оюун ухаан захиргааны ажлын байрны 50 орчим хувийг, хуулийн салбарын ажлын байрны 40 гаруй хувийг орлож чадах бол барилга, засвар үйлчилгээний, эрүүл мэндийн салбарын ердөө 4-8 хувийг л орлож чадна гэжээ. Түүнчлэн ирээдүйд сэтгүүлзүйн салбарын ажлын байрны 80 орчим хувийг хиймэл оюун орлох боломжтой төдийгүй өдгөө томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд технологид суурилсан үйлчилгээг нэвтрүүлэх ажлаа эрчимжүүлжээ. Хиймэл оюун ухаан нь хямд зардлаар ажлын байруудыг орлосноор ирээдүйд амьжиргааны өртөгт эергээр нөлөөлөх хэдий ч урт хугацааны нөлөөллийн талаар таамаг дэвшүүлэхэд эрт байгааг судлаачид мэдэгджээ.
Хиймэл оюун ухааны нөлөөллөөр залуучуудын мэргэжил сонголт хүртэл өөрчлөгдөж эхэлснийг судалгааны тайланд дурджээ.