БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн тоо 51.000-д хүрээд байгааг сүүлийн үеийн тоон статистик харуулж байна. Тэгвэл тус улс дахь Монгол иргэд хууль эрхзүйн мэдлэг дутмаг, ажил, үүргийн гэрээгээ төдийлөн чухалчлан уншиж, танилцаагүй зэргээс шалтгаалж янз бүрийн байдлаар хохирох тохиолдол олон байгаа юм. Тухайлбал, ажлын байран дээрээ гэмтэж бэртэх тохиолдолд эмчилгээний зардал, нөхөн олговроо авч чаддаггүй жишээ олон байна.
Солонгос улсад ажиллаж буй Монгол иргэнийг Солонгос иргэд бүлэглэн зоджээ, Солонгос улсад сурч буй Монгол охин сургуулийн хүчирхийлэлд өртжээ эсвэл Монгол иргэн Солонгос улсад ажиллаж байх үедээ амиа алдсан байна гэх харамсалтай мэдээлэл цахим сүлжээнд ойр ойрхон нийтлэгдэх болсон байна. Үүнээс харахад харь орныг зорьж ажил хөдөлмөр эрхэлж байх үедээ энэ мэтээр янз бүрийн байдлаар эрх нь зөрчигдөх тохиолдол олширсоор байна.
2007 онд хийсэн судалгаанаас харахад ажиллах хугацаандаа үйлдвэрийн осолд орсон хүмүүсийн дөнгөж 16 хувь нь нөхөн олговор авч, 25 хувь нь эмчилгээний зардлаа байгууллагаасаа гаргуулсан байгаа юм. Үүнээс харвал Солонгос улсад ажиллаж буй иргэд нөхөн олговор авч чаддаггүй, орхигдох тохиолдол олон байна.
Мөн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэд ажил үүргээ хийж байх явцдаа хөдөлмөрийн аюулгүй байдал нь алдагдаж амь эрсдэх тохиолдол олон гарч байна. Энэ тохиолдолд Солонгос улсын хуулиар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 70 хувиар тооцож нөхөн олговор олгодог байна. Гэтэл зарим тохиолдолд амь эрсэдсэн Монгол иргэнд Монгол улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 550.000 төгрөгөөр тооцон бодох тохиолдол гардаг юм байна.