Хөдөө орон нутгийн хэмжээнд огт гэрлээгүй залуу малчдын 87 хувийг нь эрчүүд эзэлж  байна

2022 оны байдлаар манай улсын нийт хүн амын 19.9 хувь нь буюу 677.5 мянга нь малчид байна. Тэдгээрийн 60 хувь нь эрэгтэй бөгөөд дийлэнх нь гэр бүл зохиогоогүй ганц бие малчид байна. Малчдын хувьд эмэгтэй хүүхдийнхээ боловсролд түлхүү анхаарч хотод амьдарч суралцах орчин нөхцөлийг нь бүрдүүлж өгөх нь их байдаг байна. Харин эрэгтэй хүүхдийг гэрийн ажилд болоод мал маллах ажилд сургаснаар хөдөө орон нутагт иргэдийн хүйсийн харьцаа тэгш бус байдалд хүрчээ.

Өнгөрсөн оны сүүлээр хийгдсэн Үндэсний статистикийн хорооны судалгаагаар хөдөө орон нутагт амьдарч байгаа гэрлэлтийн насны малчин залуусын дийлэнх хувь нь ганц бие байна гэсэн судалгаа гарчээ. Тодруулбал гэрлэлтийн насны эмэгтэйчүүдийн дийлэнх нь нийслэл хотод сурч хөдөлмөрлөж суурьшлын байдалтай байгаа юм. Ингэснээр  хөдөө орон нутагт амьдрах эмэгтэйчүүдийн тоо эрс багассан байна. Мөн боловсролын түвшин, амьдарч байгаа орчны нөлөөлөл зэргээс шалтгаалж малчин залуустай гэр бүл болох эмэгтэйчүүд ховорджээ. Нийт орон нутгийн хэмжээнд хүйсийн хувьд огт гэрлээгүй залуу малчны 87 хувь нь эрэгтэй, 13 хувь нь эмэгтэйчүүд байна.

Тухайлбал Говьсүмбэр аймагт огт гэрлээгүй 18-34 насны 1806 малчин байгаагаас 1349 нь эрчүүд байна. Өнгөрсөн онд Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газраас 4-5 сумдыг хамруулсан гэрлэлтийн насны малчин залуусын дунд уулзалтыг зохион байгуулсан байна. Уг уулзалтаар тодорхой хэмжээний үр дүн  гарсан  байна.

Гэр бүл хүүхэд залуучуудын газраас малчин залууст гэр бүл төлөвлөлтийн талаарх сургалт мэдээллийг цэргийн алба хаах хугацаанд нь өгдөг байна. 2 аймгийн газар нутгийн онцлогоос шалтгаалан алслагдсан сумдад оршин суугаа залууст сургалт мэдээлэл, нөлөөллийн ажил хангалттай хүрч чаддаггүй байна. Тиймээс сум бүрд гэр бүл хүүхэд залуучуудын төвийг байгуулах шаардлагатай байна.

Малчин залуус гэр бүл зохиох нь ховор байна. Харин гэр бүл болсон малчин өрхүүдийн дунд салалтын тоо нэмэгдсэн талаар холбогдох байгууллагын мэргэжилтэн хэлж байсан юм. Учир нь хүүхдийг 6 настайд сургуульд суралцуулдаг болсноор эхнэр нөхөр тусдаа амьдрах тохиолдол их гарч байна. Энэ мэтчилэн олон шалтгаанаас үүдэн орон нутагт амьдрах иргэдийн тоо буурах, хүн амын бүтцэд өөрчлөлт оролцох зэрэг эрсдэлүүд үүсээд байна.