Африк тивийн Судан улсын Зэвсэгт хүчин болон хагас цэрэгжсэн шуурхай туслах хүчний алба хаагчдын хоорондын цус асгаруулсан тулаан 4 дэх өдрөө үргэлжилж байна

Африк тивийн Судан улсын Зэвсэгт хүчин болон хагас цэрэгжсэн шуурхай туслах хүчний алба хаагчдын хоорондын цус асгаруулсан тулаан 4 дэх өдрөө үргэлжилж байна. Мягмар гарагт эдгээр хүчний байгууллагуудыг удирдаж байгаа хоёр генерал гал зогсоох тохиролцоонд хүрсэн талаараа мэдэгдсэн  ч мэдэгдэл хийснээс ердөө 2 цагийн дараа Суданы нийслэл Хартум хотод дахин мөргөлдөөн дэгдсэн байна.

Судан улсыг сүүлийн 30 жил удирдсан Омар Аль Баширийн дэглэм 2019 онд нуран унасан бөгөөд дэглэмийг нураахад иргэдийн төлөөлөл болон зэвсэгт хүчнийхэн голлох үүрэг гүйцэтгэжээ. Улмаар тухайн жилдээ хагас цэрэгжсэн, иргэдийн төлөөллөөс бүрдсэн Суданы “Шуурхай туслах хүчин” болон тус улсын зэвсэгт хүчин “Цэрэг-Иргэн”-ий хамтарсан Засгийн газар байгуулах шийдвэрт хүрсэн байна. Гэвч тэр цаг үеэс л дээрх хүчний байгууллагуудыг удирдаж байгаа хоёр командлагчийн хооронд зөрчил үүссэн гэж үздэг байна.

Суданы Зэвсэгт хүчний удирдагч Абдель Фаттах Аль-Бурхан болон хагас цэрэгжсэн шуурхай туслах хүчний командлагч Мохамед Хамдан Дагало нар хамтдаа төрийн эргэлт хийсэн бол харин өдгөө тэд илүү их эрх мэдэлтэй болохын төлөө цус асгаруулсан тулаан өрнүүлж байна.

Өнгөрсөн сард Зэвсэгт хүчний удирдагч Абдель Фаттах “Шуурхай туслах хүчин”-ий 100 мянга орчим алба хаагчдыг өөрийн армид нэгтгэх эс бөгөөс татан буулгах шийдвэр гаргасан нь хоёр командлагчийн зөрчлийг улам гүнзгийрүүлжээ. Түүнчлэн шуурхай туслах хүчний командлагч Мохамед Хамдан сүүлийн жилүүдэд хөрш Йемэн, Саудын Араб, Ливийн иргэний мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцохоос гадна Судан дахь гадны хөрөнгө оруулалттай уул уурхайг хүчээр хяналтдаа оруулсан нь иргэдийн төлөөллөөс бүрдсэн хүчнийг илүү хувийн шинж чанартай болгосон байна. Үүнээс үүдэн Суданы Зэвсэгт хүчний удирдагч “Суданд хоёр хүчний байгууллага оршин тогтнох нь тус улсыг тогтворгүй болгож байна” гэж үзэн татан буулгах оролдлого хийсэн нь ийм үр дүнд хүргэжээ. Өнөөдрийн байдлаар 150 орчим энгийн номхон иргэн амиа алдсан нь тогтоогдсон бол хоёр хүчний байгууллагын 120 орчим алба хаагч мөргөлдөөний явцад нас баржээ.