Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж зун хэт халж ургамлын гарц буурч ган гачиг болох, харин өвөлдөө цас ихээр орж зуд болох зэргээр гэнэтийн эрсдэлт байгалийн хүчин зүйлс монгол улсад сүүлийн жилүүдэд нэмэгджээ. Энэ нь малчдын амьжиргааны эх үүсвэр болох малын тоо толгой олноор хорогдох, ашиг шим нь багасах цаашлаад хүнс хөдөө аж ахуйн салбарын өсөлт, эдийн засгийн төрөлжилтийг сааруулах томоохон хүчин зүйлийн нэг болж байна.
Монгол улсад 1996-2010 оны хооронд жилд дунджаар 2400 орчим байгалийн гамшигт үзэгдэл болдог байсан бол 2010 оноос хойш 4300 болж 1.8 дахин нэмэгдсэн байна. Тэгвэл сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу шилжих хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байгаа ч малчдын хувьд гэхэд байгалийн эрсдэлт хүчин зүйлээс шалтгаалж хангалттай орлого олох баталгаа байдаггүй, хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилдаг гэсэн шалтгаанаар шилжилт хөдөлгөөнийг хийх нь элбэг байдаг байна.
Малчин өрх нь эдийн засгийн хувьд эмзэг өртөмтгий байдал нь өндөр түвшинд байна. Үүнээс гадна нийгмийн суурь үйлчилгээ болох ундны усны баталгаат байдал, харилцаа холбооны хэрэгсэл ашиглах, цахилгаан эрчим хүчээр хангагдаж байгаа эсэх шалгуур үзүүлэлтүүд муу байгаа юм. Судалгаанаас харахад зудын эрсдэлд өртсөн малчин өрхийн хүүхдүүд бусад хүүхдийн дундаж өндөртэй харьцуулахад намхан байх тохиолдол их байгаа юм. Тиймээс Засгийн газраас малчин өрхүүдэд хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх, тэдний хүүхдийн өсөлт хөгжил, боловсролд дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг судалгааны үр дүнгүүд харуулж байна.
Төрөөс өрх, иргэдэд үзүүлдэг нийгмийн халамж үйлчилгээ, мөнгөн тэтгэмж зэргийг тогтоохдоо эрсдэлт хүчин зүйлд хэт эмзэг байгаа зарим малчин өрхийг дэмжих зайлшгүй шаардлагатай байгаа юм. Мөн тэдний боловсрол, эрүүл мэнд, нийгмийн суурь үйлчилгээ зэрэгт анхаарах хэрэгтэй байгааг мэргэжилтнүүд тайлбарлаж байна.