2020 оны байдлаар манай улсын нийт хүн амын 9.8 хувийг ахмад настнууд эзэлж байна. Ахмад настнуудын нийгэмд эзлэх хувь өсөхийн хамт тэдний аж амьдрал, сэтгэцийн эрүүл мэндийн байдал, нийгмийн амьдрал дахь үүрэг, оролцоо, нэр төр, аюулгүй байдал зэрэг асуудалд иж бүрэн анхаарах шаардлага тулгарч байгааг Хүний эрхийн үндэсний комиссоос хийсэн судалгаагаар гарсан байна.
Сэтгэцийн эмгэгтэй ахмад настны тоо сүүлийн 1 жилийн хугацаанд 40.8 хувь, хэвтэн эмчлүүлэгсдийн өвчлөл 43.8 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Мөн ахмад настнуудын дундаж насжилтын зөрүү өндөр байгаа нь амьдралын чанарт нь сөргөөр нөлөөлж, амьдралынхаа тодорхой үеийг ганцаардал, сэтгэл гутрал, айдас түгшүүр, орлогын хомсдолтой байдалд өнгөрүүлж байгаа нь судалгаагаар тогтоогджээ.
Ахмад настны гэр бүл болон хууль ёсны үр хүүхэд, ах дүү нар нь харж хандах үүргээ биелүүлэхээс зайлсхийх, үр хүүхэд нь эцэг, эхээ ялгаварлан гадуурхах, гэрээсээ хөөх, эд хөрөнгө, тэтгэврийг нь завших, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зэргээр тэдний эрхийг зөрчих тохиолдол цөөнгүй байна.
Мөн гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн улмаас хохирсон ахмад настны тоо 2021 онд 632 байсан бол 2022 онд 968 буюу 34.8 хувиар нэмэгдсэн байна. Дээрх судалгаа нь зөвхөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөний улмаас хуулийн болон төрийн бус байгууллагад хандсан ахмадын тоо бөгөөд бүртгэлд ороогүй, хаана хандахаа мэдэхгүй хэдэн ахмад байгаа нь бүрэн тогтоогдоогүй байна.
Төрөөс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа ч ахмад настанд чиглэсэн үйл ажиллагаа дутмаг байдаг. Мөн ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэлд өртсөн ахмад настны талаар хийгдсэн судалгаа, мэдээлэл хангалтгүй байгаа юм. Цаашид эдгээр иргэдэд анхаарал хандуулж нэгдсэн зөв бодлого гаргах нь чухал байгааг Хүний эрхийн үндэсний комиссоос мэдэгдэж байсан юм.