Монгол улсад 10 хүүхэд тутмын 8 нь үе тэнгийн дээрэлхэлтэд өртдөг 

НҮБ-аас хийсэн судалгаагаар дэлхий нийтэд гурван сурагч тутмын нэг нь үе тэнгийнхнийхээ хүчирхийлэл дээрэлхэлтэд өртдөг гэж гарчээ. Тэгвэл Монгол улсад 10 хүүхэд тутмын 8 нь “Үе тэнгийн дээрэлхэлт”-д өртдөг байна. Тиймээс боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүхий л байгууллагууд уялдаа холбоотой ажиллах шаардлагатай байгаа төдийгүй үүнээс урьдчилан сэргийлэх нь чухал гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Өсвөр насны хүүхдүүдийн дундах амиа хорлолтын шалтгааны 80 орчим хувь нь үе тэнгийнхний дээрэлхэлтээс шалтгаалсан нь судалгаагаар тогтоогджээ. Хүчирхийлэл үйлдсэн болон түүнд өртсөн хүүхдийн аль аль нь сэтгэл зүй хүнд цохилтод ордог байна. Улмаар хүүхэд дээрэлхэлтэд өртөх нь хичээлээс хоцрох, завсардах, өөрийгөө үнэлэх үнэлэмж нь муудах зэрэг олон сөрөг үр дагавруудыг дагуулдаг байна

Харин сурагчдын зүгээс бусад ангийнхан нь илүүтэй дээрэлхдэг талаар хэлсэн юм. Хөвгүүд  ихэвчлэн дээрэмдүүлэх, зодуулах зэргээр дээрэлхүүлдэг бол охид сэтгэл санааны дайралтад өртөх магадлал өндөр байдаг юм байна

Сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоохын тулд багш болон эцэг эхчүүдийн хамтын ажиллагаа чухал юм байна. Мөн үүнээс урьдчилан сэргийлэх нь илүү үр дүнтэй гэж үзэж байгаа юм.

Сургуулийн орчин дахь шатны хонгил, ариун цэврийн өрөө гэхчлэн хүний хөл хөдөлгөөн багатай газруудад үе тэнгийн дээрэлхэлт ихэвчлэн үйлдэгддэг байна. Хүүхдүүд  дээрэлхэлтэд өртсөн тухайгаа  багш, болон гэр бүлийнхнээсээ нуун дарагдуулдаг нь энэ төрлийн үйлдэл даамжрах нөхцлийг бүрдүүлдэг гэдгийгсэтгэл зүйч хэлж байлаа.