Энэ сарын 22-нд улс орон даяар явагдсан ЭЕШ-ын монгол хэл бичгийн шалгалтад нийт 30 гаруй мянган сурагч оролцжээ. Тэгвэл үүнээс ердөө 36 хүүхэд шалгалтын дээд оноо буюу 800 оноо авчээ. Мөн 4856 хүүхэд буюу нийт шалгуулагсдын 15.7 хувь нь элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог давж чадаагүй байна. Тэгвэл тэдгээр хүүхдүүд болон ар гэрийнхний нь зүгээс босго оноог хэт өндрөөр тогтоосон гэж үзэж байгаа бөгөөд бага онооноос шалтгаалан их дээд сургуульд элсэн суралцах боломжгүй болсон тул шалгалтын материалаа дахин шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Энэ удаагийн монгол хэл, бичгийн шалгалтад нийт 30 гаруй мянган сурагч оролцжээ. Монгол хэл бичгийн шалгалт нь их дээд сургуульд элсэн суралцах босго болдог байна. Өөрөөр хэлбэл 400-аас дээш оноо авч чадаагүй сурагчид их дээд сургуульд элсэх боломжгүй болох юм. Харин зарим сурагчдын зүгээс энэ удаагийн шалгалтын босго оноог нэмэгдүүлсэн нь тэдний боломжоос хойш татсан гэж үзэж байгаа юм.
Хэл бичгийн шалгалтаар сурагчдын уншаад ойлгох чадвар, зөв бичих дүрэм, үндэсний бичгийн мэдлэг зэргийг шалгасан байна. Харин сурагчдын дийлэнх нь үндэсний бичгийг мэдэхгүйгээс шалтгаалж оноо алдсан байна. Мөн энэхүү шалгалтаар суурь боловсролоос эхлээд 12 дугаар анги төгсөх хүртэл мэдлэгийг шалгасан гэдгийг холбогдох байгууллагын төлөөлөл хэлж байна. Шалгалтын босго оноо авч чадаагүй сурагчид хуулийн хүрээнд шалгалтын материалтайгаа танилцаж үнэн зөв дүгнэсэн эсэхийг хянах боломжтой гэсэн юм.
Хэдийгээр сурагчид монгол хэл, бичгийн шалгалтад тэнцээгүй ч гэсэн дараа дараагийн шалгалтад орох эрх нээлттэй хэвээр байх юм. Харин сурагчдын зүгээс багахан хэмжээний онооноос шалтгаалан амьдралынх нь чухал алхам шийдэгдэх учраас шалгалтын материалтай танилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлэн боловсролын үнэлгээний төвийн үүдэнд дугаарлаж байсан юм.