Нүүрсний дуудах доод үнэ өндөр байгаагаас шалтгаалж сүүлийн хэд хэдэн цахим арилжаанд Хятад улсын худалдан авагчид оролцоогүй гэх мэдээлэл цахим орчинд гараад байна. Энэ нь цахимаар арилжаалсан нүүрсний тээвэрлэлтийн асуудал жижиг Тавантолгой компанид үүссэнтэй холбоотой гэдгийг албаны төлөөлөл хэлж байна. Гэсэн хэдий ч Монголын Хөрөнгийн бирж нь 70 гаруй компанитай гэрээ байгуулан нүүрсний цахим арилжааг хийж байгаа бөгөөд зах зээлийн зарчмаараа худалдан авалт хэвийн үргэлжилж байна.
Монголын Хөрөнгийн биржид 160 орчим компани нүүрс худалдан авах сонирхлоо илэрхийлж, 70 гаруй компанитай гэрээ байгуулан нүүрс худалдааг хийж байгаа байна. Харин нүүрс борлуулагч талд одоогоор “Эрдэнэс Тавантолгой” хк, “Тавантолгой” ХК, “Энержи Ресурс” ХХК, “Хангад Эксплорэйшн” ХХК оролцож байгаа юм. Эдгээр 4 компани нь 6 төрлийн нүүрс борлуулж байна. Мөн зөвхөн Гашуунсухайтын боомтоор бус өөр боомтуудаар дамжуулан нүүрс борлуулах боломжтой болсон нь нүүрс худалдан авагч болон борлуулагчдын тоо цаашид нэмэгдэхээр байгаа юм.
Дэлхийн зах зээл тэр дундаа БНХАУ-ын нүүрсний зах зээлийн үнэ сүүлийн 1 сарын хугацаанд тасралтгүй унаж байна. Тухайлбал, коксжих нүүрсийг 170 орчим ам.долларт борлуулж байсан бол одоогоор 100 орчим ам.долларын доод үнийг санал болгон хэлцэл хийж байна. Мөн сүүлийн хэд хэдэн цахим арилжаанд жижиг Тавантолгой компанийн тээвэр, майн баяр, зах зээлийн сонирхол зэргээс шалтгаалж худалдан авагч тал оролцохгүй байх тохиолдол гарсан. Гэхдээ дэлхийн зах зээлийн үнэ болоод хятад улсын нүүрсний үнэтэй уялдуулан манай улсын нүүрс борлуулагч компаниуд дуудах доод үнийн саналаа өгч байгаа. Дуудах доод үнэ болон дэнчингийн хэмжээнд ямар нэгэн асуудал үүсээгүй гэсэн тайлбарыг өгсөн юм.
Одоогоор Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан 1 сая 260 мянга орчим тн нүүрсийг цахимаар арилжаалаад байна. Энэ нь нийтдээ 678.4 тэрбум төгрөгт хүрээд байгаа юм.