ЖДҮ эрхлэгчид:  Жижиг, дунд үйлдвэр,  үйлчилгээний салбарыг хөгжүүлэхэд уян хатан зээлийн үйлчилгээ хэрэгтэй

Нийслэлийн хэмжээнд 43 мянга орчим аж ахуй нэгж, 670 мянга гаруй жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч байдаг. Эдгээр үйлчилгээ эрхлэгчдэд зээл тусламж тэр бүр олддоггүй учир бизнесээ өргөжүүлж, борлуулалтаа сайжруулахад хүндрэл үүсдэг байна. Тэгвэл үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихийн тулд нэгдсэн цахим платформд шилжүүлэх шаардлагатай юм байна. Ингэснээр уг салбараас олох дотоодын нийт бүтээгдэхүүний орлого нэмэгдэж экспорт сайжрах олон давуу тал, боломж бүрдэх юм

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарыг хөгжүүлэхэд иргэдэд уян хатан зээлийн үйлчилгээ хэрэгтэй байгааг хэлж байна. Хувиараа үйлдвэрлэл эрхлэгчид нийгмийн даатгал төлдөггүйгээс шалтгаалан банкны зээлийн үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй тул банк бус санхүүгийн байгууллагаас өндөр хүүтэй зээл авах шаардлага тулгардаг байна. Мөн ажлын байрны түрээсийн дарамт, хүний нөөцийн дутагдал зэргээс шалтгаалан үйлдвэрлэл хөгжихөд сөргөөр нөлөөлдөг байна.

Дэлхийн бусад улсад жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний салбар дотоодын нийт бүтээгдэхүүний  60-аас  дээш  хувийг бүрдүүлдэг байна. Харин манай улсын хувьд уг салбар дотоодын нийт бүтээгдэхүүний ердөө 18.3 хувийг мөн экспортын 2.4 хувийг хангадаг байна. Тэгвэл цаашид уг салбарын орлогыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулахын тулд техник технологийн хөгжлийг бүрэн ашиглаж сурах  шаардлагатай байгааг холбогдох албаныхан хэлж байна.

Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа  жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбар нь  хөдөлмөрийн зах зээлийн 70 хувийг эзэлдэг. Нэг үйлдвэрлэгч дунджаар 2-250 хүний ажлын байрыг бий болгодог байна. Тиймээс энэхүү салбарт ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн бизнесийг өргөжүүлэхэд цаашид цахим шилжилт хийж 43 мянган аж ахуй нэгжийн  мэдээллийг нэгдсэн платформд оруулснаар санхүүгийн үйлчилгээг хялбар авах, бүтээгдэхүүнээ борлуулах, хөрөнгө оруулагч байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох зэрэг олон давуу талууд үүсэх юм байна.