Монголын Үндэсний музей 2022 онд төсвөөс давсан орлогоороо ажилтнуудынхаа цалинг 40 хүртэлх хувиар нэмж олгожээ

Сүүлийн 2 жилийн хугацаанд соёлын тухай хууль, музейн тухай хууль батлагдсанаар тус салбарын ажилтнууд 10 орчим төрлийн нэмэгдэл хөлс, урамшуулал авах боломж үүсжээ. Өөрөөр хэлбэл, төсвөөс давсан орлогынхоо 60 хүртэлх хувийг ажилчдынхаа нийгмийн баталгаанд зарцуулах боломжтой журмууд баталсан юм. Тэгвэл Монголын Үндэсний музей 2022 оны эхний хагас жилд төсвөөс давсан орлогоороо ажилтнуудынхаа цалинг 40 хүртэлх хувиар нэмж олгожээ.

Соёлын салбарын 452 байгууллага улсын төсвөөс санхүүждэг. Эдгээр төсөвт байгууллагууд үндсэн үйл ажиллагааныхаа нэмэлт орлогыг төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан журмын дагуу зарцуулах боломжтой юм байна. Ингэхдээ төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлд үндэслэн 3 эрэмбийг баримтална гэж заажээ.

  • Эх үүсвэр дутагдаж байгаа, эсхүл өр төлбөр үүссэн үндсэн үйл ажиллагааны урсгал зардлыг санхүүжүүлэх
  • Байгууллагын хамт олон, ажилтныг ажлын үр дүнг нь харгалзан урамшуулах
  • Нийт ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх.

Хоёр болон гуравдугаарт эрэмбэлэгдсэн зориулалтаар зарцуулах хөрөнгийн нийт хэмжээ төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогын нийт дүнгийн 60 хувиас хэтрэхгүй байна гэж заажээ.

Энэхүү журмыг 2022 онд “Чингис хаан” хаад, язгууртны музей болон Монголын Үндэсний музей зохих заалтаар хэрэгжүүлсэн байна.

Энэхүү журам бүрэн төгөлдөр хэрэгжихэд соёлын байгууллага бүрийн онцлог нөлөөлдөг байна. Тухайлбал Чойжин Ламын сүм музей гэхэд улирлын чанартай ажилладаг учраас үндсэн үйл ажиллагааныхаа нэмэлт орлогыг жилийн эцэст тооцож, журамд заасан эрэмбийн дагуу зарцуулахад нийт ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх асуудал орхигдох үе гардаг байна.

Монгол улсын Их Хурлаас 2021 онд соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Мөн тухайн онд манай улсад анх удаа музейн тухай бие даасан хуультай болсон юм. Ингэснээр сүүлийн хоёр жилийн хугацаанд соёлын салбарын хууль эрх зүйн орчин өнгөрсөн жилүүдээс харьцангуй сайжирсан гэж салбарын мэргэжилтнүүд үздэг. Үүнийг дагаад салбарын ажилтнууд үйл ажиллагаанаасаа хамаарч 10 орчим төрлийн нэмэгдэл хөлс, урамшуулал авах боломж үүссэн байна.