Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цахимжилтын асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тулгамдсан асуудлын талаар тус салбарын төлөөллүүд хэлэлцлээ. Сүүлийн жилүүдэд шүүхээр эрхээ хамгаалуулах иргэдийн тоо болон хянан шийдвэрлэх хэрэг, маргаан нэмэгдэж байгаа ч шүүхийн байр, санхүүжилт, хүний нөөц, цахимжилт зэрэг нь тулгамдсан асуудал болоод байгааг салбарын төлөөллүүд хэлж байна.

Улсын хэмжээнд 700 гаруй шүүгчийн орон тоо байх ёстой ч одоогоор 500 гаруй шүүгч ажиллаж байна. Үүнээс шалтгаалж нэг шүүгчид 700 гаруй нэхэмжлэх ногдож байгаа буюу хэрэг хянан шийдвэрлэх явцад ихээхэн цаг хугацаа зарцуулагдаж байгаа юм. Тиймээс тус төрлийн үйл ажиллагааг хялбаршуулах, богино хугацаанд бага зардалтай явуулах буюу цахимжилтын асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Мөн хүний нөөцийн асуудалд анхаарах шаардлагатай байгаа гэдгийг салбарын төлөөллүүд хэлж байна.

Чингэлтэй дүүрэгт гэхэд л Төрийн гол яамд, Засгийн газрын агентлагууд, арилжааны банкууд зэрэг олон байгууллага байрлан үйл ажиллагаа явуулдаг. Мөн тус дүүрэгт иргэдийн нягтаршил их байдгаас шалтгаалж шүүхийн шийдвэрлэж буй хэрэг маргаан байнга нэмэгдсэн байдаг. Тухайлбал, 2020 онд 3775, 2021 онд 3814, 2022 онд 5223 хэрэг хянан шийдвэрлэсэн байгаа юм. Гэтэл шүүгчийн орон тоо нь гүйцээгүйгээс шалтгаалж үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл учруулах хэмжээнд хүрсэн байна.

Мөн анхан болон давж заалдах шатны шүүхийн төсөв нь ихэвчлэн урсгал зардал болон цалин хөлсөнд зарцуулагддаг байна. Тиймээс хуваарилагдах төсвийг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа гэдгийг салбарын төлөөллүүд онцлон хэлж байна.