Монгол улс 150 га бэлчээрийн талбайтай байсан бол өнөөдрийн байдлаар 109 га болтлоо буурчээ

Монгол орны бэлчээрийн төлөв байдал хүнд буюу нийт бэлчээрийн 65 гаруй хувь нь унаган байдлаа алдаж доройтсон, үүний 10 хувь нь буцаж сэргээх боломжгүй байдалд хүрчээ. Мөн нэгэнт доройтсон бэлчээр дахин сэргээгдэх боломжгүй байдаг. Иймд бэлчээрийн даацыг сэргээхийн тулд дан ганц уул уурхайн салбарт бус бүх доройтож буй газруудад нөхөн сэргээлт хийх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Монгол улс 150 га бэлчээрийн талбайтай байсан бол өнөөдрийн байдлаар 109 га болтлоо буурчээ. Бэлчээрийн даац буурч цөлжилт үүсэхэд уур амьсгалын өөрчлөлт, жилийн хур тунадасны хэмжээ багассан, бэлчээрийн ургамлын гарц буурч, малын тоо хэд дахин өссөн зэргээс шалтгаалж байгаа юм байна.

Хэрэв бэлчээрийн сэлгэлтийг хийж чадвал доройтсон бэлчээрийн 85 хувь эргэж сэргэх боломжтой гэж судлаачид үзсэн байна. Харин бэлчээрийн ургамлын гарцыг нэмэгдүүлэхийн тулд бүх газрын нөхөн сэргээлт чухал юм.

Цаг уурын байгууллагын мэдээгээр 5-р сарын 10-ны өдрийн байдлаар нийт нутгийн 20 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байгаа юм. Иймд бэлчээрийн даацыг нэмэгдүүлэх цөлжилтийг багасгахын тулд иргэн бүр оролцож нийт нутгийн нөхөн сэргээлт хийх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцоллоо.