Зам, тээврийн салбар  боловсон хүчний дутагдалд ороод байна

Одоогоор Монгол улсын эдийн засаг ердөө 4 боомт дээр төвлөрч байна. Тиймээс хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар бүрэн холбох хэрэгтэй байгаа юм. Ингэснээр тээвэр, логистикийн өрсөлдөх чадвар дээшилж, ачаа тээврийн урсгал сайжрах юм. Тэгвэл боомтуудын хүчин чадлыг сайжруулахын тулд зам, тээврийн салбарын хүний нөөцийн асуудлыг чухалчилж авч үзэх хэрэгтэй  талаар салбарынхан тайлбарлаж байна.

  • Одоогоор зам, тээврийн салбарт 42.000 гаруй иргэн ажиллаж байна. Эдгээр ажиллагсдын 17-20 хувь нь ойрын 3-5 жилд өндөр насны тэтгэвэрт гарах талаар тооцоо гарчээ.
  • Тодруулбал, зам, тээврийн салбарын нийт ажиллагсдын 45 хувь нь 40-өөс дээш насны ажилчид байгаа нь тус салбарт хүний нөөцийн асуудал үүсэж байгааг харуулж байна.
  • Мөн боомтын сэргэлтийг дэмжихийн тулд 2030 он гэхэд зам, тээврийн салбарын ажиллагсдын одоогийн орон тоог даруй 22.000-аар нэмэх шаардлагатай байна.
  • Гэтэл Монгол улсад тус салбарын нарийн мэргэжилтэн бэлтгэдэггүй байна. Тухайлбал, тээврийн эдийн засагч мэргэжлээр манай улсын их дээд сургууль мэргэжилтэн бэлтгэдэггүй.

Цар тахлын үед боомтуудыг холбосон авто зам, төмөр замын дэд бүтэц хангалтгүйгээс шалтгаалан бараа бүтээгдэхүүн тасалдах, үнэ өсөх асуудал үүссэн. Тиймээс тус салбарыг бодлогоор дэмжих зайлшгүй шаардлагатай байгаа юм. Одоогоор тус салбар нь хүний нөөцийн дутагдалд орж байна. Энэ нь тус салбарын ажилчдын цалин бага мөн салбарын нарийн мэргэжлийн талаарх ойлголт иргэдийн дунд дутмаг байгаатай холбоотой байна. Тиймээс жил бүр тус салбарын мэргэжлийг сурталчлах ажлыг зохион байгуулахаас гадна их, дээд сургуулиудад энэ чиглэлийн мэргэжлээр боловсон хүчнийг бэлтгэх, тэтгэлэг олгох зэрэг асуудалд анхаарч ажиллах юм байна.

ОХУ ЗГ-ын тэтгэлгээр төмөр замын чиглэлээр жил бүр Монгол улсаас 100 хүүхэд тэтгэлгээр сурдаг байсан бол сүүлийн үед энэ тоо багасаж байна. Мөн БНХАУ-д авто зам, авто тээвэр, төмөр зам зэрэг чиглэлээр жил бүр 60 хүүхдийг сургахаар төлөвлөж байгаа гэдгийг холбогдох албаны зүгээс танилцуулж байна. Үүнээс гадна Вьетнам, Солонгос зэрэг улсын их, дээд сургуульд зам, тээврийн салбарын чиглэлийн мэргэжлээр тэтгэлгээр сурах боломжтой.

Дэлхийн банкны судалгаагаар Монгол улс ДНБ-ийхээ 30 хувьтай тэнцэх хэмжээний зардлыг тээвэрлэлтэд зарцуулдаг байна. Энэ нь бусад улс оронтой харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Тиймээс боомтын сэргэлтийг дэмжиж, ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадал, урсгалыг сайжруулан, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй юм.