Экспорт нэмэгдсэнээс шалтгаалж улсын төсвийн орлого эхний 4 сарын байдлаар 1 их наяд гаруй төгрөгөөр давсан гүйцэтгэлтэй байна

Уул уурхайн салбарын түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнээс шалтгаалж Монгол улсын төсвийн хэлбэлзэлтэй, тогтворгүй байдал нь жил бүр давтагдах үзэгдэл болсон. Тухайлбал, төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс илүү гүйцэтгэлтэй байх үед орлогыг шууд захиран зарцуулдаг эсвэл төсвийн орлого нь дутаж зарлагаа санхүүжүүлж чадахгүй тохиолдолд жил бүрийн төсөвт тодотгол хийдэг жишиг үүссэн. Энэ удаад ч мөн Засгийн газрын хуралдаанаар төсвийн орлогын эхний 4 сарын давсан гүйцэтгэлийг цалин, тэтгэврийн зөрүүг арилгах зорилгоор төсвийн тодотгол хийхээр болжээ.

Монгол улсын эдийн засаг нь уул уурхайн салбараас хэт хамааралтай учир төсвийн орлогыг оновчтой төлөвлөхөд амаргүй байдаг. Тухайлбал, эрдэс баялгийн дэлхийн зах зээлийн үнэ, худалдан авагчдын сонирхол зэргээс шалтгаалж тухайн жилийн баталсан төсвийн орлого, зарлагад савлагаатай байдал үүсдэг. Үүнээс шалтгаалж улсын төсөвт жил бүр тодотгол хийх болсон. Энэ оны хувьд ч мөн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх талаар төсвийн тодотголыг хийхээр судалж байгаа байна.

Энэ оны эхний 4 сарын байдлаар Монгол улсын гадаад худалдаа тэр дундаа экспортын орлого өндөр байна. Үүнээс шалтгаалж одоогоор төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс давсан гүйцэтгэлтэй байгаа юм. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад төсвийн орлого зарлагаасаа 1 их наяд гаруй төгрөгөөр давсан гүйцэтгэлтэй байна. Гэсэн хэдий ч энэ оны төгсгөлд төсвийн орлого давсан хэвээр үргэлжлэх нь тодорхойгүй байгаа юм. Тиймээс төсвийн тодотголыг хийхдээ болгоомжтой хандаж, эрсдэлийг тооцох хэрэгтэй байна гэдгийг эдийн засагч сануулж байна.

Төсвийн орлого давсан эерэг үр дүн нь цаашид үргэлжлэх нь тодорхойгүй байна. Тодруулбал, хил гааль, тээвэр логистикийн  саатал бүрэн шийдэгдээгүй мөн уул уурхайн биржээр дамжуулан нүүрсийг худалдаалах нь экспортын орлогыг бодитоор нэмэгдүүлэх эсэх нь нарийн тооцоолох боломжгүй байгаа юм. Ийм нөхцөлд төсвийн тодотголыг сайтар тооцоо судалгаатай хийх хэрэгтэй гэдгийг эдийн засагчид сануулсаар байна. Мөн төсвийн орлого нэмэгдэх үед шууд зарлагдахгүйгээр хуримтлалын санд хийж эргээд хямралын үедээ авч ашиглах нөөцийг бий болгох хэрэгтэй байгаа юм.