Монгол орны нийт нутгийн 76 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн гэж үздэг. Үүний 56 хувь нь байгалийн үзэгдэлтэй холбоотой бол 44 хувь нь хүний үйл ажиллагаатай холбоотой юм байна. Тэгвэл хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй цөлжилтийн асуудлыг шийдвэрлэхэд хууль эрх зүйн орчныг сайжруулж, шаардлагатай бусад зохицуулалтыг хийхээр ажиллаж байгаа байна.
Монгол улс нь уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг 10 орны нэг юм. Үүнтэй холбоотойгоор Монгол улс нь 2050 он гэхэд уур амьсгалын өөрчлөлтийг тэглэх буюу тэнцвэржүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг зорилтыг тавин ажиллаж байгаа. Эдгээр зорилтын хүрээнд эрхзүйн орчныг боловсронгуй болгох, байгалийг нөхөн сэргээх технологийг нэвтрүүлэх зэрэгт анхаарч ажиллаж байгаа байна.
Сүүлийн 75 жилд Монгол улсын агаарын жилийн дундаж температур 2.1 хэмээр дулааран, жилд орох хур тунадасны хэмжээ 7 орчим хувиар багасжээ. Энэ нь хүний үйл ажиллагаанаас ихээхэн хамаарч байгаа. Тэр дундаа малын тоо толгой хэт их өссөнөөс шалтгаалж бэлчээр талхлагдаж, ургамлын гарц буурч, цөлжилтийн хэмжээ улам өргөн хүрээг хамарч байна. Тиймээс тус асуудалд салбарын яамны зүгээс авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулсан юм. Тухайлбал, малчид өөрсдийн амьжиргаанд тохируулан малын тоо толгойг барих талаар сургалт мөн сайн малчны шалгаруулалтын удирдамжийг өөрчлөх зэргээр ажиллаж байгаа байна.
Сүүлийн жилүүдэд хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэж цөлжилт, газрын доройтол нь эрчимтэй явагдаж байгаа бөгөөд энэ нь тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд томоохон саад тотгор учруулж байна. Мөн байгалийн нөөц баялаг болох хөрс, агаар, усны чанарт сөрөг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ ой, бэлчээр, газар тариалангийн салбарт шууд аюул учруулж байгаа юм.