Хүүхдийг зодож, шийтгэж хүмүүжүүлбэл тухайн хүүхэд нийгмийн харилцаанд орох үедээ олон сөрөг үр дүн дагуулдаг

Ганданд шавилан суудаг ламхай нар хүчирхийлэлд өртсөн мэдээлэл олны анхаарлын төвд байгаа нь манай улс дахь хүүхдийн хүчирхийллийн асуудал, ялангуяа гэр бүл, сургуулийн орчин дахь хүчирхийллийн асуудлыг хөндөхөд хүргэж байна. Сүүлийн үед хүүхдийг гэр бүл, сургуулийн орчинд зодож шийтгэсэн хэргүүд олноор бүртгэгдэж байгаа. Бага насандаа хүчирхийлэлд өртөж хүмүүжсэн хүүхэд ирээдүйд нийгмийн харилцаанд орохдоо өөртөө итгэлгүй, өөрийгөө илэрхийлэх чадвар муу байх, улмаар бусдад хүчирхийлэл үзүүлэхэд бэлэн хүн болж хүмүүждэг зэрэг нийгэмд хортой үр дагавар үүсгэдэг байна.

Насанд хүрэгчидтэй харьцуулбал хүүхдийн стресст өртөх магадлал 10 дахин их байдаг. Хүүхдийг цохиж зодох үед стрессийн даавар нэмэгддэг бөгөөд ингэснээр хүүхдийн ой тогтоолт, анхаарал төвлөрөлт буурдаг байна. Зодож шийтгэх нь хүүхдийг хүмүүжүүлэх арга огт биш. Энэ бол хүчирхийлэл гэдгийг сүүлийн үед иргэд ухамсарлаж, хүүхдийнхээ хүмүүжил төлөвшилд тэднийг ойлгож сонсох, дэмжих, урамшуулах зэргээр харилцдаг гэдгийг хэлж байна.

Хэрэв хүүхдийг зодож, шийтгэж өсгөсөн бол тухайн хүүхэд насанд хүрч нийгмийн харилцаанд орох үедээ хэн нэгнээс заавал шаардуулж, уурлуулж байж бүтээмжтэй ажиллах хандлага гаргадаг байна. Үүнээс гадна хүчирхийлэлд өссөн бол хүчирхийлэгч болдог нь олон судалгааны үр дүнгээс харагддаг. Тиймээс тухайн хүүхдийн нас болоод хувийн сэтгэцийн онцлогт тохируулан хүмүүжүүлэх нь чухал юм.

2015 онд хийж байсан судалгаанаас харахад Монгол улс амиа хорлолтын түвшнээр бүс нутагтаа 2-т орж байсан. Нийт амиа хорлолтын дийлэнх хувийг өсвөр насныхан эзэлдэг. Үүний шалтгааныг задалж харвал олон хүчин зүйл нөлөөлж байгаа ч эцэг эхийн дарамт шахалт, бие махбод болоод сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж улмаар сэтгэл гутралд орон амиа хорлох тохиолдол ч байгаа юм.

Хүүхдийг хүмүүжүүлэхдээ буруу хэрэг хийлээ гэж шийтгэхээс илүү сайн талыг нь ойлгуулах, ярилцах нь чухал. Хэрэв бурууг нь сануулж зодож шийтгэсээр байвал энэ нь тухайн хүүхэд үүнийгээ дахин давтах үйлдэл гаргах сэдэл нь болдог байна.