“Цунами” гамшгийн улмаас сүйрсэн Японы “Фүкүшима” цөмийн цахилгаан станцын хаягдал усыг далайд урсгахыг НҮБ-аас зөвшөөрчээ

“Цунами” гамшгийн улмаас сүйрсэн “Фүкүшима” цөмийн цахилгаан станцын хаягдал усыг далайд асгах Японы эрх баригчдын төлөвлөгөө нь олон улсын стандартад нийцэж байна гэж НҮБ-ын хяналтын байгууллагаас мэдэгдлээ. Мөн ОУ-ын Цөмийн эрчим хүчний агентлагаас хаягдал уснаас ялгарах хорт бодисын байгаль орчинд үзүүлэх хор нөлөө нь “Өчүүхэн бага” гэж тодорхойлжээ.

2011 онд Япон улсад 9 магниудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдэж, цунамигийн гамшиг нүүрлэсний улмаас 15 мянга гаруй хүн амиа алдаж, 150 орчим мянган хүн орон гэргүй болж, “Фүкишима” цөмийн цахилгаан станц үерт автсан юм. Тэгвэл байгалийн гамшиг нүүрлэсний дараа “Фүкүшима Дайичи” цөмийн цахилгаан станцын реакторуудыг хөргөхөд ашигласан 1.3 сая шоо метр усан дахь цацраг идэвхт бодисын хорыг шүүж дууссан гэдгээ Японы ЗГ-аас саяхан мэдэгдсэн байна. Түүнчлэн шүүсэн усаа далайд асгахаар төлөвлөж байгаа гэдгээ Японы Засгийн газар мэдэгджээ.

Тэгвэл өнгөрөгч мягмар гарагт НҮБ-ын хяналтын байгууллагаас Японы Засгийн газрын төлөвлөгөө олон улсын стандартад нийцэж байгаа төдийгүй байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл “Өчүүхэн бага” гэж тодорхойлжээ.

Гэвч Фүкүшимагийн цэвэршүүлсэн усыг далайд асгах Японы төлөвлөгөөг БНХАУ, БНСУ-ын эрх баригчид эрс эсэргүүцэж байна. Учир нь ирээдүйд учруулж болзошгүй аюул, эрсдэлийг хангалттай тооцоолоогүй гэдгийг онцлоод бүс нутгийн аюулгүй байдалд шууд бусаар заналхийлж байгааг Японы хоёр хөрш улсын эрх баригчид анхааруулжээ.

Өнгөрөгч мягмар гарагт ОУ-ын Цөмийн эрчим хүчний агентлагийн тэргүүн Рафаэль Гросси “Хоёр жил үргэлжилсэн аюулгүй байдлын хяналт шалгалтын дүгнэлт гарчээ. Уг дүгнэлт нь шударга, шинжлэх ухааны үндэслэлтэй байна” хэмээн хэвлэлд ярьжээ. Мөн Фүкүшимагийн станцын хаягдал усыг асгаж дууссаны дараа цөмийн байгууламжийг татан буулгах, нураах урт хугацаанд үргэлжилж байгаа ажлыг японы эрх баригчидтай хамтран дуусгавар болгоно гэдгийг Рафаэль Гросси онцолжээ.

Цөмийн реакторыг хөргөсөн усыг агуулдаг сав нь 1.3 сая шоо метр багтаамжтай, станцын гадна талд байрладаг. Мэргэжилтнүүд өдөрт 100 шоо метр бохирдолтой ус ялгаруулж, агуулах саванд цуглуулдаг байна. Харин одоо тэрхүү усны сав хэдийн дүүрээд байгаа бөгөөд реакторуудыг татан буулгах ажил өнөө ч үргэлжилж байгаа юм. Номхон далайд цутгах цэвэршүүлсэн ус нь аюулгүй байдлын стандартад нийцсэн бөгөөд усанд агуулагдах тритиум, нүүрстөрөгчийн хортой бодисын агууламж тун бага гэдгийг Японы Засгийн газраас мэдэгджээ.