МБХ: Хүнс, Хөдөө аж ахуйн салбарыг дэмжих зорилгоор 1.7 их наяд төгрөгийн зээл гаргахаар болсон ч биелэлт хангалтгүй байна

МУ-ын Засгийн газраас Хүнс, Хөдөө аж ахуйн салбарыг дэмжих зорилгоор 5 жилийн хугацаанд нийт 1.7 их наяд төгрөгийн зээл гаргахаар болсон ч биелэлт нь хангалтгүй байна. Үүний гол шалтгаан нь манай улсад үл хөдлөх хөрөнгийн барьцаанд суурилсан санхүүгийн систем хэрэгжиж байгаатай холбоотой гэж Монголын Банкны холбооноос хэлж байна.

Одоо мөрдөгдөж байгаа хуулиар барьцаа хөрөнгийн асуудал хөдөө аж ахуйн салбарт зээл хүсэгчдийн дунд хүндрэл дагуулдаг. Өөрөөр хэлбэл, банкны нийт зээлийн 2 орчим хувийг хөдөө аж ахуйн салбарт олгож байна. Энэ нь манай улсын хөдөө аж ахуйн салбарын санхүүжилт байж болох түвшнээс 10 орчим хувиар бага байна гэсэн үг юм. Тиймээс үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнд нь үндэслэн барьцаалж зээл олгох талаар арилжааны банкуудтай холбогдох яамнаас хэлэлцэхээр байна.

Хүнс, хөдөө аж ахуйг дэмжих зорилгоор энэ жил 982 тэрбум төгрөгийн зээл олгох зорилтыг тавиад байгаа. Тэгвэл одоогоор тус салбарын зээл олголт 440 орчим тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүний ихэнх хувийг газар тариалан болон хүнс боловсруулах үйлдвэр эрхлэгчид авчээ. Харин мал аж ахуйн салбарын зээл олголт муу байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд зээлийн батлан даалтын сангаар дамжуулан мал аж ахуйн салбарын зээл олголтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа гэсэн юм.

Хэдий эдийн засаг сэргэлттэй байгаа ч уул уурхайгаас бусад салбаруудын өсөлтийг хангах орчин нөхцөлийг бүрдүүлэхгүй бол тогтвортой өсөлтийг хадгалж чадахгүй.