Европын Төв банк мөнгөний бодлогын хүүгээ урьд өмнө нь байгаагүй дээд үзүүлэлтэд хүргэлээ

Европын Төв банк мөнгөний бодлогын хүүгээ бүх цаг үеийн дээд үзүүлэлтэд хүргээд байна. Цаашид бүс нутгийн инфляцын түвшин буурах төлөвгүй байгаа тул Европын Төв банкны бодлого тодорхойлогчид зээлийн хүүгээ 3.75-4 хувьд хүргэх зөвшилцөлд хүрсэн байна. 

Европын Төв банк сүүлийн хоёр жилийн хугацаанд мөнгөний бодлогын хүүгээ 10 удаа өсгөсөн байна. Евро-Бүсийн жилийн инфляцын түвшин 5.6 хувийн үзүүлэлттэй байх төсөөлөлтэй байгаа гэж эдийн засагчид мэдээлсэн байна. Европын холбооны эрх баригчид инфляцын бууруулах чиглэлд олон төрлийн шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлсэн ч хэрэглээний үнийн индекс 5 хувийг давах төсөөлөлтэй байгаа нь чамлалттай үзүүлэлт гэж Европын Төв банкны бодлого тодорхойлогчид дүгнэжээ. Иймд мөнгөний бодлогын хүүгээ 10 дахь удаагаа өсгөхөөр болсон байна. Европын холбооны 20 улс орны инфляцын түвшин ирэх онд 2.9 хувь, 2025 онд 2.2 хувьд хүрч буурна гэж эдийн засагчид тооцоолоод байна. 

Дэлхийн бусад улс орны нэгэн адил Евро-Бүсийн улс орнууд хүнс, эрчим хүчний үнийн өсөлтөд өртөж, энэ нь өрхийн төсөвт дарамт шахалт болж байна. Дэлхийн дийлэнх улсын Төв банкны удирдлагууд инфляцын өсөлтийг сааруулахын тулд бодлогын хүүгээ өсгөж байна. Мөнгөний  бодлогын хүүг өсгөснөөр иргэдийн мөнгө зээлэх боломж хязгаарлагдана. Ингэснээр тэдний зарцуулах мөнгөний хэмжээ багасаж, дагаад зэх зээлийн эрэлт буурснаар, инфляц тогтворжих энгийн ойлголт юм. Өөрөөр хэлбэл айл өрхүүд цөөн зүйл худалдаж авч, улмаар үнийн өсөлт буурна гэсэн үг юм. 

Их Британи, Герман, Итали зэрэг улсад инфляц 4-6 хувийн хооронд хэлбэлзэж байгаа нь Евро-Бүсийн улс орнууд дундаа хамгийн өндөрт тооцогдож байна. Английн Төв банк бодлогын хүүгээ 5.5 хувьд хүргэх хүлээлттэй байгаа ч тус улсад бараа бүтээгдэхүүний үнэ, өртөг өндөр хэвээр байна.