АНУ тэргүүтэй техник технологиор дэлхийд тэргүүлэгч орнуудын хувьд энэ оны сүүл үе гэхэд 5G сүлжээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Япон улсын тухайд л гэхэд 2020 оны олимпын наадмын зохион байгуулалтын ажилд 5G технологийг нэвтрүүлэхээр зорьж байгаа юм.
Утасгүй сүлжээний 5 дахь эрин буюу 5G технологийн тусламжтайгаар автомат жолоодлогот автомашинаас эхлээд хиймэл оюун ухаан бүхий робот тэргүүтэй техник технологийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиуд хүмүүсийн өдөр тутмын амьдралд нэвтрэх үүд хаалга нээгдэх юм.
Өнгөрөгч сард Испанийн Барселон хотод зохион байгуулагдсан MOBILE WORLD CONGRESS арга хэмжээний үеэр үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийн дийлэнх хувийг 5G технологид суурилсан бүтээлүүд эзэлж байсан нь энэхүү технологийн цар хүрээ, ирээдүйн эрэлт хэрэгцээ хэр байгаа вэ гэдгийг харуулсан үйл явдал боллоо хэмээн зохион байгуулагчид нь мэдээлсэн байна.
Тухайлбал 5G сүлжээг ашиглан секундын дотор л хүссэн киногоо татах, мэс ажилбарыг алсын зайнаас явуулах, үүлэн тооцооллын системээр хиймэл оюун ухаан бүхий роботуудыг удирдах зэрэг хэмжээлшгүй их боломж бололцоо нээгдэнэ гэдгийг салбарын мэргэжилтнүүд мэдээлжээ.
5 G технологийг нэвтрүүлснээр хүмүүсийн өдөр тутмын амьдралд олон төрлийн өөрчлөлтүүд гарахын зэрэгцээ үүнийгээ дагаад аюулгүй байдлын асуудлууд мөн давхар хөндөгдөж байгааг ажиглагчид онцолж байна.
Тухайлбал 5G сүлжээг цахилгаан станцуудаас эхлээд эрүүл мэнд, тээврийн салбарт ашиглаж эхлэх нь тухайн улс орны эдгээр дэд бүтцийн голлох салбарууд кибер халдлагад өртөх маш том эрсдэл дагуулна хэмээн мэргэжилтнүүдийн зүгээс анхааруулжээ.