Жил бүр сургуульд элсэн суралцах хүүхдийн тоо нэмэгдэж байгаа хэдий ч тэднийг сургах багшийн дутагдал хэвээр байна. Энэ хичээлийн шинэ жилд ерөнхий боловсролын сургуулиудад 4200 багшийн сул орон тоо байгаа юм. Тэгвэл энэ сул орон тоог нөхөхийн тулд Боловсролын яамнаас тавигдаж буй шаардлагыг хангасан иргэдийг гэрээт багш болон багшийн туслахаар ажиллуулахаар болжээ.
- Улсын хэмжээнд жилд дунджаар 3000-3500 багш бэлтгэгдэн гардаг бол мөн ийм тооны багш тэтгэвэртээ гардаг байна. Тэтгэвэрт гарч байгаа багш болон багшийн мэргэжлээр төгсөгчдийн тоо ойролцоо байгаа боловч жил ирэх тусам сул орон тоо нэмэгдсээр байна.
- Тухайлбал, 2022-2023 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 2900 багшийн дутагдалтай байсан бол энэ жилд буюу 2024-2025 оны хичээлийн жилд тус тоо өсөж улсын хэмжээнд 4200 багшийн сул орон тоо бий болжээ.
- Тодруулбал физик, математик, хими зэрэг байгалийн ухааны салбарын багш мэргэжилтэн хангалтгүй хэвээр байна. Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудад англи хэлний багшийн дутагдал 11 хувь, физикийн багшийн дутагдал 10 хувь, химийн багшийн дутагдал 10 хувьтай байгаа бол технологийн багшийн дутагдал 9 хувь байна.
- Тэгвэл боловсролын салбарт үүсээд буй энэ нөхцөл байдлыг сайжруулж, багшийн сул орон тоог нөхөхийн тулд Боловсролын яамнаас гадаад, дотоодын их сургуульд 2.7 голчоос дээш үнэлгээтэй суралцсан төгсөгчдийг 45 хоногийн сургалтад хамруулан багшлах эрх олгож, гэрээт багшаар ажиллуулах болсон талаар мэдээлжээ.
Орон тоог нөхөх, дутагдлыг арилгах, үндсэн багшийн ачааллыг бууруулах зорилгоор математик, байгалийн шинжлэх ухаан, анагаах ухаан, мэдээлэл харилцаа, технологи, хууль, бизнес, эдийн засаг, урлаг, англи хэлний чиглэлээр дээд боловсролын сургалтын байгууллагыг 2.7-оос доошгүй голч дүнтэй төгссөн, бакалавраас доошгүй зэрэгтэй, Мөн дээрх чиглэлүүдээр магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагад 2.7-оос доошгүй голч оноотой суралцаж байгаа 3, 4-р түвшний оюутнууд багшлах эрх олгох сургалтад хамрагдах боломжтой.
Бакалаврын түвшний 2,7-оос дээш голч дүн нь 80 хувиас дээш үзүүлэлт тул 45 хоногийн сургалтад хамрагдахад хангалттай дүн гэж үзэж байгааг албаныхан мэдэгдлээ.
Цэцэрлэг болон ЕБС-д ажиллах хүсэлтэй иргэнд зориулсан багшлах эрх олгох сургалтыг багш бэлтгэдэг их, дээд сургуульд түшиглэн, мэргэжлийн байгууллагатай хамтарч зохион байгуулна. Мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид багшлах хүсэлтэй иргэний хувьд чадамжид суурилсан сургалтад хамрагдаж, амжилттай төгссөнөөр багшлах эрхийн гэрчилгээ авна. Энэ нь зөвхөн гэрээт багшаар ажиллах хүнд багшлах эрхийг олгож байгааг салбарын сайд онцоллоо.
Багшлах эрх авсан багш 5 жилийн хугацаанд гэрээт багшаар ажилласнаар үргэлжлүүлэн үндсэн багш боломжтой юм байна.