Шүүх эрх мэдлийн төсөв нь тус байгууллагыг хараат бусаар үйл ажиллагаа явуулахад чухал үүрэгтэй. Манай улсын хэмжээнд анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны 120 орчим танхим байдаг. Гэвч эдгээр танхимууд олон жилийн насжилттайгаас гадна зай талбайн хэмжээ бага, шаардлагатай тоног төхөөрөмж байдаггүй зэрэг олон асуудалтай нүүр тулсаар өдийг хүрчээ. Иймд Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс ирэх оны төсөвт 420.8 тэрбум төгрөгийн төсвийн саналыг тусгасан байна. Гэсэн хэдий ч Сангийн яамнаас аудит хийн барилга их засвар тоног төхөөрөмжид зарцуулах 100 тэрбум төгрөгийн төсөвийг хасах саналыг оруулжээ.
Монгол улсын 2025 оны төсвийг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа энэ цаг үед төсөв хуваарилалтыг зөв хийх нь чухал гэх байр суурийг гишүүд илэрхийлж байна. Тухайлбал орон нутагт нэг цэгийн үйлчилгээний мэдээллийн төв байгуулахад 210 гаруй тэрбум төгрөгийг тусгажээ. Харин хүнд нөхцөл байдалд ороод байгаа уг салбаруудын төсвийг танах нь оновчгүй шийдвэр гэж үзэж байна.
Сүүлийн 10 жилийн хугацаанд шүүхийн салбарт хөрөнгө оруулалт огт хийгдээгүй юм байна. Ийнхүү шүүх байгуулагын төсвийг танах нь тус байгууллагын бие даасан, хараат бус байх баталгаа хангагдаж чадах эсэх нь эргэлзээтэй байгаа юм.