Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хууль эрх зүйн орчин байдаг ч хэрэгжилт хангалтгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил хийх боломжыг хангахын тулд нэгдсэн тогтолцоотой болох хэрэгтэйг ОУ-ын байгууллагаас зөвлөж байгаа юм.
- Улсын хэмжээнд 111.000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 96.000 орчим нь ажил хөдөлмөр эрхлэх насныхан байна.
- Гэвч өнөөдрийн байдлаар ердөө 15 хувь буюу 15.000 гаруй нь ажил, хөдөлмөр эрхэлж байна. Энэ тоон үзүүлэлтийг бусад улс оронтой харьцуулж харвал 2 дахин бага тоо юм.
- Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил эрхлэлтийг дэмжих чиглэлээр хөдөлмөрийн тухай хуулийн 144-р зүйлд ААН, байгууллага 25 ба түүнээс дээш ажилтантай бол нийт ажлын байрныхаа 4 хувиас доошгүй оронд тоонд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулах үүрэгтэй гэж заасан байдаг. Харин тус хуулийн хэрэгжилт бодит байдалд хангалтгүй байна.
- Хэрэв ААН, байгууллага хуульд заагдсан үүргээ биелүүлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан төлбөр төлөх зохицуулалттай. Тус төлбөрийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлдэг юм байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хуулийн хэрэгжилтийг хангахаас гадна орчны хүртээмжийн асуудлыг ч чухалчлах хэрэгтэй байна.
Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэн аюулгүй ажиллах орчны боломжийг хангахаар саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төслийг боловсруулж байна. Тус хуулинд барилга байгууламж, зам талбайг барихдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн харгалзан стандартын дагуу барих талаарх зохицуулалтыг нарийн тусгажээ.
Мөн олон улсын туршлагаас харахад хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд ажлын байрны дадлагжуулагч ихээхэн чухал үүрэгтэй байдаг юм байна. Ажлын байранд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дадлагажуулах нь ажилдаа дасан зохицох, ур чадвар суух, сэтгэлзүйн бэлтгэлээ хангах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Энэ хүрээнд Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Жайка байгууллага болон Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яам хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төслийг хэрэгжүүлээд байна.
Ийнхүү хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр дадлагжуулагч бэлтгэх, хууль эрхзүйн орчинг сайжруулах, орчны хүртээмжийг нэмэгдүүлэх зэргээр салбар бүрийн хоорондын уялдаа холбоог сайжруулж, нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй байна.