УИХ-ын зүгээс 2025 оны улсын төсвийг 11-р сарын 8-ны өдөр баталсан. Тэгвэл ерөнхийлөгчийн зүгээс УИХ-аас баталсан ирэх оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа. Ийнхүү улсын төсвийн зарлагыг дахин төлөвлөх, урсгал зардлыг багасгах зэрэг төсвийг тойрсон асуудлууд үргэлжлэхээр болж байна.
2025 оны улсын төсвийг хэт тэлсэн, үрэлгэн байгааг эдийн засагчид мөн олон нийтийн зүгээс ч сануулсаар байсан. Гэсэн ч УИХ-аас тус сануулгыг ажралгүй хэт өндөр орлого, зарлагыг төсөөлж баталсан. Тэгвэл ерөнхийлөгчийн зүгээс ирэх оны төсвийг, хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоомжид бүхэлд нь хориг тавилаа. Ийнхүү ерөнхийлөгчийн улсын төсөвт хориг тавих үндэслэл нь УИХ-аас төсвийг батлахдаа үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй байхыг зөрчсөн мөн төсөвт тодотгол хийх тухай тогтоол баталсан нь хууль дээдлэх зарчим зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн гэсэн хоёр шалтгаанаар бүхэлд нь хориг тавьж байгаа юм байна. Цаашлаад гадаад зах зээлийн нөхцөл байдал, үүн дотроо уул уурхайн бүтээгдэхүүний түүхий эдийн үнийн хэлбэлзлийг анхаарч төсөв батлах нь зүйтэй гэж ерөнхийлөгч үзэж байгаа юм байна.
Хэдий ирэх оны улсын төсөвт ерөнхийлөгч хориг тавьж байгаа ч үүнийг УИХ хүлээн авахгүй байх бүрэн эрх бий. Хэрэв төсвийн хоригийг УИХ хүлээж авахгүй бол 2025 оны төсөв хэвээр үлдэж, цаашид тодотголын асуудал нь яригдаж эхэлнэ. Гэхдээ сангийн сайдын зүгээс ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн хүлээн авч, баталсан төсөвтөө өөрчлөлт хийнэ гэдгээ мэдэгдсэн юм. Ийнхүү 2025 оны улсын төсөвт ерөнхийлөгч хориг тавьж шинэ Их Хурлын бүрэлдэхүүн баталсан төсвөө эргэн харахаар боллоо. Улсын төсвийн урсгал зардлыг багасгах уу, төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтыг танах уу эсвэл сайд нарын багц руу орох уу зэрэг төсөв тойрсон асуудлууд үргэлжлэхээр байна.