Төрөлтийн сүүлийн таван жилийн тоон мэдээллийг харвал, 2020 онд 77.5 мянга, 2021 онд 71,2 мянга, 2022 онд 65.1 мянга, 2023 онд 63.9 мянга, 2024 онд 57.3 мянган хүүхэд төржээ. Үүнээс харвал төрөлтийн түвшин 2020 оноос хойш 20 мянгаар буурсан үзүүлэлттэй байна. Ийнхүү жил ирэх тусам төрөлт буурч байгаа нь ирээдүйд олон төрлийн сөрөг үр дагавартай юм байна. Төрөлт буурч, хүн амын өсөлтийн хурд саарч байгаа нь урт хугацаандаа хүн амын бүтцэд өөрчлөлт оруулж, ахмад настны тоо нэмэгдэх, залуу үеийн тоо буурах нөхцөл байдлыг бүрдүүлснээр тэтгэврийн системд дарамт учруулах төдийгүй ажиллах хүчний хомсдолд өртөнө гэдгийг хэлж байна. Мөн нөгөөтэйгүүр GEN Z үеийнхэн буюу 1997 оноос хойшхи үеийнхэн гэр бүл болж хүүхэдтэй болохоос илүүтэйгээр ажиллах, суралцах, гадны улсуудаар аялах зэргийг эхэнд тавьж гэр бүл болох, хүүхэд төрүүлэхийг 2т тавьж байна гэж гэр бүл судлаач хэлж байна.
Сүүлийн 3 жилийн хугацаанд ЭХЭМҮТ-д өдөрт дунджаар 20-30 эх амаржиж байна өмнө жилүүдэд 50-60 эх амарждаг байсан гэдгийг албаныхан мэдээлж байна. Судлаачид болоод мэргэжлийн байгууллагаас тайлбарлаж байгаагаар ковид 19 цар тахал болон нийгэм эдийн засгийн тогтворгүй байдлаас шалтгаалан төрөлт буурч байгааг хэлж байна. Тухайлбал агаарын бохирдол, сургууль цэцэрлэгийн хүртээмжгүй байдал, цалин хөлсний хангамжгүй байдал болон төрсөн эхэд үзүүлэх дэмжлэг туслалцаа хангалттай бус байдал нь ийнхүү төрөлт буурч байгаад нөлөөлж байгаа юм байна.
Төрөлтийн түвшин буурч байгаа нь зөвхөн манай улсад гэлтгүй гадны олон улс оронд үүссэн асуудал болоод банйа. Тодруулбал БНСУ, Япон, Хятад улсуудад төрөлт буурч төрөх эмнэлгүүд үүдээ барьж эхэлжээ. Хүн амын өсөлтийг дэмжих бодлого баримталж буй орнуудын туршлагаас харахад БНСУ хосуудын төрөлтийг дэмжихдээ халамж, тэтгэмж гэх мэт эдийн засгийн урамшууллаас гадна хүүхэд асрах, өндөр настан, гэр бүлийнхнээ асрах, боловсрол, эрүүл мэнд, орон сууцны үйлчилгээнүүд зэрэг гэр бүл рүү чиглэсэн арга хэмжээг авч байгаа юм байна.
Ийнхүү төрөлтийн түвшин буурч, гэр бүл болох залуусын тоо жил ирэх тусам цөөрч байгаад манай улс хүн амын бодлогоо эргэн харж, төрөлтийг дэмжиж буй улс орнуудын туршлагыг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Жишээлбэл хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд анхаарах буюу хүүхэд аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хүүхдэд зориулсан үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх, хүүхэд асрах, цэцэрлэг, яслийн үйлчилгээг сайжруулах. Залуу гэр бүл рүү чиглэсэн шийдвэр буюу төрөөс орон сууцны асуудалд дэмжлэг үзүүлэх. Залуу гэр бүл, олон хүүхэдтэй гэр бүлийг орон сууцны хөнгөлөлттэй, урт хугацааны зээлд хамруулах зэрэг гадны улсын туршлагаас судлах, тэдгээрийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага бий болоод байна.