Насанд хүрэгчдийн дунд шүд цоорох өвчлөл 70-80 хувьтай байна
Улсын хэмжээнд насанд хүрэгчдийн дунд шүд цоорох өвчлөл 70-80 хувьтай байна. Өнгөрсөн оны 10-р сард даатгал төлдөг иргэн жилд 3 шүдээ үнэ төлбөргүй эмчлүүлэх эрхтэй байсан бол үүнийг өөрчилснөөр шүдний эмнэлэгийн тусламж үйлчилгээг төлбөртэйгээр авдаг болсон юм. Үүнтэй холбоотойгоор улсын болон хувийн хэвшлийн шүдний эмнэлэгийн үйлчилгээний тариф өндөр байгааг иргэд хэлж байсан юм. 

Өнгөрсөн оны 10 дугаар сард өөрчилсөн тогтоолын дагуу даатгал төлдөг иргэн хөнгөлөлтгүйгээр төлбөрөө бүрэн хариуцаж шүдний эмнэлэгийн тусламж, үйлчилгээ авахаар болсон. Харин хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүдийн хөнгөлөлт нэмэгдсэн бөгөөд 0-5 насны хүүхэд жилдээ 5 шүд үнэ төлбөргүй эмчлүүлэх бол 6-18 насны хүүхэд жилдээ 6 шүд үнэ төлбөргүй эмчлүүлэх юм байна. Харин жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд шүдний тооны хязгаарлалтгүйгээр үнэ төлбөргүйгээр эмчлүүлэх боломжтой болжээ.

Тэгвэл сүүлийн жилүүдэд насанд хүрэгчдийн дунд шүд цоорох өвчлөл багасаж байгаа ч шүдний чулуу, буйлны үрэвсэлийн тохиолдлууд нэмэгдэж байгаа юм байна. Тодруулбал насанд хүрэгчдийн дунд хүүхдүүдтэй харьцуулахад хүндрэл нь бага боловч шүд цоорох өвчлөл 70-80 хувьтай байна. Харин бусад өвчлөлийн хувьд буйлны үрэвсэл, шүдний чулуу, тулгуур эдийн үрэвсэл 90-ээс дээш хувьтай байна. Буйлны үрэвсэлийн эмгэг нь олон хүчин зүйлээс үүдэн үүсэх боловч дааврын өөрчлөлтийн улмаас эмэгтэйчүүдэд зонхилдог. Харин шүдний чулуу, хүндрэлтэй үрэвслүүд зэрэг нь дунд насны эрэгтэйчүүдэд элбэг тохиолддог бол 40-50 насныханд тулгуур эдийн үрэвсэл их тохиолддог байна.

Шүдний эмнэлэгийн хөнгөлөлтийг зогсоосноос үүдэн шүдний эмнэлэг зорих насанд хүрэгчдийн тоо буурсан ч хүүхдүүдийн тоо нэмэгджээ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настанд хөнгөлөлт үзүүлэх хүсэлтийг холбогдох шатны байгууллагуудад тавьсан байгаа юм байна. Гэсэн хэдий ч насанд хүрэгчдийн дунд шүдээ улсын эмнэлэгт даатгалаараа үзүүлэх боломжгүй болсон мөн хувийн хэвшлийн эмнэлэгийн тариф өндөр байгааг иргэд хэлж байна.

Тэгвэл улсын болон хувийн хэвшлийн шүдний эмнэлэгийн үйлчилгээний тариф харилцан адилгүй бөгөөд хувийн хэвшлийн эмнэлэгүүд үйлчилгээний тарифаа өөрсдөө тогтоодог юм. Харин улсын эмнэлэгүүдийн хувьд Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан төлбөрт үйлчилгээний тушаалын дагуу үйлчилгээний тарифаа тогтоосон юм байна.