Тамхи татах нас 2019 онд 18 байсан бол 2024 онд 15 болж залуужсан нь электрон тамхины хэрэглээ нэвтэрсэнтэй холбоотой
Өнөөдөр УИХ дахь холбогдох ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудалын талаар хэлэлцлээ.  2015 онд баталсан Тамхины хяналтын тухай хууль нь тухайн цаг хугацаанд дэвшил гаргасан, нийгэмд өөрчлөлт оруулж чадсан чанартай хуульд тооцогддог юм. Гэсэн ч уг хуульд 2 удаагийн нэмэлт өөрчлөлт оруулсан нь сайжруулах гэхээс илүүтэй тамхи үйлдвэрлэгч, импортлогчдын ашиг сонирхолд нийцүүлсэн, хамгаалсан хуулийн өөрчлөлт болсон гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.

Тамхины хяналтын тухай хуулийг 2015 онд баталсанаар өдий хүртэлх хугацаанд 2 удаагийн нэмэлт өөрчлөлтийг хийжээ. Гэвч тухайн хуулийн нэмэлт өөрчлөлт нь сайжруулалт хийгдсэн гэхээсээ илүүтэй улам бүр дордуулсан төдийгүй тамхи үйлдвэрлэгч, импортлогч комданиудын ашиг сонирхолыг хамгаалсан өөрчлөлт болсон гэж мэргэжилтнүүд үзэж байна. Хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаагаас шалтгаалан электрон тамхи болон янжуур тамхины хэрэглээ хяналтгүй болсон улмаар хүн амын дундах өвчлөл нэмэгдэх зэрэг олон сөрөг үр дагаварууд гарсаар байгаа юм.

Манай улс өмнө нь зөвхөн янжуур тамхины хэрэглээг хэрхэн багасгах талаар асуудлыг хэлэлцдэг байсан бол уг асуудал хүрээгэээ тэлж электрон тамхины замбараагүй хэрэглээг хязгаарлах шаардлага үүсээд байгаа юм. Судалгаагаар тамхи татах нас 2019 онд 18 байсан бол 2024 онд 15 буюу гурван насаар залуужсан нь электрон тамхины хэрэглээ нэвтэрсэнтэй холбоотой юм байна. Улмаар хүүхэд залуусын тамхи татах нас багасахын хэрээр эрүүл мэндэд нь ч сөрөгөөр нөлөөлөх болжээ. Иймд Тамхины хяналтын тухай хуульд шинэчилсэн найруулгын хэмжээнд өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.

Электрон тамхи нь электрон барааны төрөлд хамаардаг учир онцгой албан татвар тооцдоггүй юм байна. Иймд цаашид тамхины хяналтын тухай хуулийн өөрчлөлтийн хүрээнд татварын цогц томоохон өөрчлөлтийг хийх шаардлага байгааг Эрүүл мэндийн сайд онцоллоо.