2023 онд 15-19 хүртэлх насныхны ангилалд ДОХ өвчний нэг тохиолдол бүртгэгджээ

Бэлгийн замын халдварт өвчин нөхөн үржихүйн насныхан буюу 15-24 насныханд элбэг тохиолддог байна. Гэвч сүүлийн жилүүдэд бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөгсдийн нас залуужиж байгаа бөгөөд өсвөр насныханы өвчлөлийн тоо ч тогтмол бүртгэгдсээр байна. 2023 оны зарим тоон үзүүлэлтээс хүргэж байна.

  • 2023 онд бэлгийн замын халдварт өвчний 10.222 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 1678 тохиолдолыг 5-19 насныханы өвчлөл эзэлж байгаа юм.
  • Тэр дундаа Тэмбүү өвчний 4206 тохиолдол бүртгэгдсэнээс 548 тохиолдол нь 5-19 насныханы дунд байжээ.
  • Харин Заг хүйтэн өвчний нийт 3579 тохиолдол бүртгэгдсэнээс 820 тохиолдол нь 5-19 насныханы дунд байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт гэж үзэж байна
  • Мөн Трихомониаз өвчний 2437 тохиолдолын 310 тохиолдлыг 5-19 насныханы өвчлөл эзэлж байна.
  • Түүнчлэн 2023 онд 15-19 хүртэлх насныхны ангилалд ДОХ өвчний нэг тохиолдол бүртгэгдсэн нь эцэг эх асран хамгаалагчдын хамгийн анхаарал татах асуудал болсныг илтгэж байна.
Өсвөр насныхны бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөх тохиолдол нэмэгдэж байгаа нь олон хүчин зүйлээс үүдэж байгаа юм. Нэн тэргүүнд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх ойлголт, мэдлэггүй байдал нь нөлөөлж байна. Тэгвэл өнгөрсөн онд улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 12 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн боловч өсвөр насныханы өвчлөлийн талаарх тоо баримт хараахан гараагүй байгаа юм. Гэсэн хэдий ч өсвөр насныханы дунд бэлгийн замын халдварт өвчин жилээс жилд тогтмол бүртгэгдсээр ирсэн бөгөөд Тэмбүү, Трихомониаз, Заг хүйтэн зэрэг өвчин зонхилж байгааг эмч, мэргэжилтнүүд хэлж байна.

Мөн эцэг эхчүүдийн хараа хяналтгүй байдал нь нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг юм. Учир нь өсвөр насны болон бага насны хүүхдүүдийн цахим орчны хэрэглээ сүүлийн жилүүдэд ихэсч байгаа бөгөөд хүүхдүүд таньж мэдэхгүй хүнтэй дэлгэцийн цаанаас холбоо тогтоох, буруу зүйлд уруу татагдах зэрэг тохиолдлууд гарч байна. Иймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим орчны хэрэглээнд тавих хараа, хяналтаа сайжруулж бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх ойлголт, мэдлэг өгөх хэрэгтэй байна.

Өсвөр насны хүүхдүүд бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилсөн тохиолдолд тусламж, үйлчилгээг хаанаас авахаа ихэнх тохиолдолд мэдэхгүй өнгөрдөг байна. Үүний улмаас өвчин хүндрэх, үргүйдэх зэрэг олон төрлийн хор хөнөөл үүсэх эрсдэлтэй байдаг. Иймээс бэлгийн замын халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн болон эрсдэлтэй, хүсээгүй бэлгийн хавьталд орсон тохиолдолд харьяа аймаг, дүүргийн болон ЭНЭҮТ, ХӨСҮТ-д хандаж тусламж үйлчилгээ авах боломжтой юм.

Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх ойлголт мэдлэг муутай байдал нь өсвөр насныхныг бэлгийн замын халдварт өвчнөөс өөрийгөө хамгаалах чадваргүй болгож байгаа тул боловсролын болон эрүүл мэндийн байгууллагууд өсвөр насныханы бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролд анхаарах шаардлага тулгараад байна.