Манай улсад хүн амын нийт нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин эзэлж байна
Улсын хэмжээнд хүн амын дунд сүүлийн 20 гаруй жил зонхилон тохиолдож буй зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчин нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Халдварт бус өвчин нийт нас баралтын шалтгааны 77 хувийг эзэлж байгаа бол нас барсан 3 тохиолдлын нэг нь зүрх судасны өвчний шалтгаантай байна.

Халдварт бус өвчин нь амьдралын буруу хэв маяг, удамшил, хүрээлэн буй орчны нөхцөл байдлаас шалтгаалсан өвчлөлүүдийг хэлэх ба ихэвчлэн удаан үргэлжилдгээрээ онцлогтой байдаг байна. Эрүүл мэндийн байгууллагуудаас хийсэн халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын шаталсан 4-р судалгаагаар, манай улсын 15-69 насны гурван хүн тутмын нэг нь, 45-69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй гарчээ.  Уг эрсдэл эрэгтэйчүүдийн дунд эмэгтэйчүүдээс 1.5 дахин өндөр гарсан байна. Манай улсад хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин эзэлж байгаа бөгөөд сэргийлж болох хүчин зүйлийн улмаас өвчилж, нас барж байгаа нь иргэдийн дунд эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх нэн шаардлагатай байгааг харуулж байна гэж салбарынхан үзэж байна. Халдварт бус өвчнөөр өвчлөх шалтгаанд буруу хооллолт, гаж зуршил, архи тамхины өргөн хэрэглээ, дасгал хөдөлгөөн хийхгүй байх зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж эргээд өвчлөлд хүргэж  байна.

ДЭМБ, ЭМЯ, НЭМҮТ зэрэг холбогдох байгууллагууд хамтран халдварт бус өвчлөл, зүрх судасны өвчлөлийг бууруулах зорилгоор 2019-2023 онд “Монпэн” төслийг эхлүүлжээ. Уг төслөөр дамжуулан халдварт бус өвчлөл, зүрх судасны өвчлөлийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багцыг 14 аймаг, 3 дүүрэгт нэвтрүүлсэн байна. Улмаар  артерийн даралт ихсэлт, чихрийн шижингийн тохиолдлын тоо буурч, нас баралт Дархан-Уул аймагт 2.5 дахин, Сонгинохайрхан дүүрэгт 1.4 дахин буурчээ.

Ийнхүү тус төслийг энэ онд үргэлжлүүлэн дахин 7 аймагт хэрэгжүүлэхээр болжээ. Уг төслийг хэрэгжүүлснээр халдварт бус өвчлөлөөс сэргийлж болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Иргэд халдварт бус өвчлөлд өртөх дээрх шалтгаануудаас гадна нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой стресс бухимдал, агаарын бохирдол гээд маш олон хүчин зүйл нөлөөлдөг байна. Тиймээс иргэд амьдралын зөв хэв маягт шилжих, архи, тамхи, сахарын хэрэглээг багасгахыг эмч мэргэжилтнүүд уриалж байна.