Хаврын морин уралдаан нь 2 сарын сүүл үе болон 3 сарын эхэн үеэр болдог. Энэ цаг үед хаврын урь орж хүүхдүүд даарах, биеийн аль нэг хэсгээ хөлдөөх эрсдэлт нөхцөл байдал үүсдэггүй гэх байр суурийг уяачдын зүгээс хэлж байна. Хаврын уралдаанд оролцохын тулд 45-60 хоногийн өмнөөс бэлдэж эхэлдэг бөгөөд энэ нь 1-р сар буюу дунджаар -15 градусын хүйтэнд хүүхдүүд сунгаа, үсэргээ зэргийг хийдэг гэсэн үг. АНУ-ын цаг уурын албанаас гаргасан судалгаагаар -15 градусын хүйтэн, салхины хурд 10 км/цаг байх үед агаарын температур -21 градусын хүйтэнтэй тэнцэх нөлөөллийг үүсгэдэг бөгөөд хөлдөлт 30 минутад үүсэх боломжтой болдог байна. Хаврын уралдаан 2 өдрийн турш үргэлжлэх бөгөөд ихэвчлэн дээд 3 насны морьд уралддаг. Их нас дунджаар 18-20 км, азарга соёолон 16-18 км замд уралдаж байгаа бөгөөд гараанаас бариа хүртэлх зам болон эргээд уралдах зайг тооцоолбол уралдаанч хүүхэд -10-аас -20 хэмийн хүйтэнд бүтэн өдрийн турш 80-100 км замыг туулж байна гэж үзэж болно. Уралдаанч хүүхдүүд хаврын уралдааны үеэр дулаан хувцас хэрэглэл өмсдөг ч зарим тохиолдолд даардаг, биеийн аль нэг хэсгээ буюу чих, хацар, хөлөө ч хөлдөөж байжээ.
Хаврын морин уралдааны үеэр хүүхдийн амь нас, эрүүл мэндээс гадна боловсрол эзэмших эрх зөрчигддөг гэж мэргэжлийнхэн хэлж байна. Тухайлбал төв аймгийн сэргэлэн сумын ебс-д 220 хүүхэд суралцдаг ба дийлэнх нь уралдаанч хүүхдүүд байдаг ба хавар, намрын уралдааны үеэр хүүхдүүд хичээлээс чөлөө авах, таслах асуудал ихээр гардаг бөгөөд нэрээ бичиж чадахгүй байгаа 6-р ангийн хүүхэд ч байна гэдгийг тус сургуулийн захирал хэлж байсан юм.
Харин уяачдын зүгээс хаврын морин уралдааныг зохион байгуулах нь өв соёлоо хамгаалах, мориор дамжуулан өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, залуучуудад өвлүүлэх томоохон алхам хэмээн үзэж байна.
Хэдийгээр уяачдын зүгээс хадрын морин уралдааныг сэргээх нь өв соёлоо хадгалж хамгаалах, залуу үр хойчдоо өв соёлоо өвлүүлэх гэж ярьж байгаа хэдий ч өв соёлоос дээгүүр хүүхдийн эрх, амь нас нэгт яригдах ёстой гэдгийг судлаачид, хүний эрхийн төлөөллүүд ярьсаар байгаа юм. Мөн Засгийн газрын өчигдрийн шийдвэртэй холбогдуулан зарим аймгийн удирдлагууд шийдвэрээ гаргаж эхэлсэн байна. Үүнд Архангай, Дундговь аймгууд 5-р сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргажээ.