Даатгалын шинэ журам хэрэгжиж эхэлснээр даатгалын хамгаалалтын хэмжээ 5-6 дахин  нэмэгдэнэ
Олон улсад орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам болон ипотекийн зээлийн үйл ажиллагаатай холбоотой бусад журамд ипотекийн зээлдэгч нь амь нас, эрүүл мэнд болон барьцаа хөрөнгийн даатгалд зээлийн үүргийн гүйцэтгэл дуусах хүртэлх хугацаанд заавал даатгуулах шаардлага тавигдсан байдаг байна. Гэтэл манай улсад зөвхөн гэнэтийн ослын эрсдэлийг сонгон даатгуулдаг бөгөөд ямарваа нэгэн байдлаар гэнэтийн осол аваарт өртөх, амиа алдах тохиолдолд даатгалын хамгаалалтгүй болж зээлдэгч эсвэл түүний гэр бүлийн гишүүдэд өндөр дүнтэй зээл төлөх санхүүгийн дарамт үүсдэг. Тэгвэл Монголбанкнаас ипотекийн даатгалын журамд үйл ажиллагааны зохицуулалттай холбоотой өөрчлөлт оруулжээ.

Монгол улсын нийт хүн амын 48.9 хувь нь буюу 1.7 сая хүн Улаанбаатар хотод амьдарч байна. Үүнийг дагаад орон сууц ипотекийн зээлээр худалдан авах иргэдийн тоо дагаад өсдөг. Иргэд ипотекийн зээлээр байр орон сууц авахдаа ямарваа нэгэн эрсдэлийг тооцоололгүйгээр зөвхөн гэнэтийн ослын эрсдэлийг сонгон даатгалд хамрагддаг бөгөөд эрүүл мэндийн шалтгаан, осол аваарт өртөх зэргээр даатгуулагч амь насаа алдахад тухайн даатгуулагчийн нэр дээрх зээл түүний гэр бүлд шилжиж санхүүгийн дарамтад өртдөг. Тэгвэл мэргэжлийн байгууллагаас уг асуудалд анхаарал хандуулан судалгаа шинжилгээг хийж иргэдэд ээлтэй байдлаар зохицуулах журмыг боловсруулжээ.

Ийнхүү иргэдэд гэнэтийн байдлаар их хэмжээний санхүүгийн дарамт үүсэж байгаа энэхүү асуудлыг олон улсын сайн жишигт нийцүүлэх зорилгоор ипотекийн даатгалын үйл ажиллагааны зохицуулалттай холбоотой өөрчлөлтийг орууллаа. Ингэснээр зээлдэгч нь барьцаа хөрөнгөө ердийн даатгалын компаниудад даатгуулах харин зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хувьд зөвхөн урт хугацааны даатгагчийн санал болгож буй бүтээгдэхүүнд хамрагдах юм байна.

Даатгалын багц дүрэмд тусгагдсан ипотекийн даатгалын үйл ажиллагаатай холбоотой энэхүү шинэчилсэн зохицуулалт хэрэгжиж эхэлснээр даатгалын хамгаалалтын хэмжээ 5-6 дахин нэмэгдэж, даатгуулагчаас гадна түүний гэр бүл дээрх эрсдэлийн улмаас санхүүгийн хүндрэлд орох, орон байраа алдах зэргээс бүрэн хамгаалагдах боломжтой болох юм байна. Мөн даатгалын гэрээг жил бүр сунгах шаардлагагүй болсноор оролцогч талуудад цаг хугацаа, зардлын хэмнэлт бий болох, ипотекийн даатгалтай холбоотой аливаа маргааны тоо буурах цаашилбал даатгуулагчдын эрх ашиг хамгаалагдах ач холбогдолтойгоос гадна урт хугацааны хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бий болгох замаар ипотекийн зээлийн эко системд эерэг нөлөөг үзүүлэх давуу талтай.