Цэцэрлэгийн багшийн цалин, ачаалал нь залуу багш нар ажлаас халшрах, өөр мэргэжилд хөрвөх шалтгаан болж байна
Цэцэрлэгийн багш өглөөнөөс орой хүртэл 40-50 хүүхдэд хичээл заахаас гадна тэдний эрүүл мэнд, аюулгүй байдал, өсөлт хөгжил, хүмүүжилд анхаарал хандуулдаг нэн харуцлагатай ажил мэргэжил. Гэвч тэдний авч буй цалин хөлс, ажлын ачаалал, эцэг эх асран хамгаалагчдын харилцаа хандлага нь залуу багш нарыг ажлаас халшрах, ажлаасаа гарах нэг шалтгаан болдогийг цэцэрлэгийн багш нарын төлөөлөл хэлж байна.

Манай улсын боловсролын салбарт цэцэрлэгийн багшийн ажил нь хамгийн хариуцлагатай, олон зүйлийг хамарсан чухал нөлөө үзүүлэхүйц үнэ цэнэтэй мэргэжилд тооцогддог. Гэвч бодит байдал дээр багш нарын цалин, ажлын ачаалал нь ажиллах хүчний хомсдолд ороход нөлөө үзүүлж байгаа юм байна. Учир гь цэцэрлэгт  анги дүүргэлт хийхдээ 20-30 хүүхэд байх ёстой боловч цэцэрлэгийн хүртээмжгүйн улмаас нэг ангид 45-50 хүүхэд суралцаж байна. Ийнхүү хүүхдүүдийн тоо нэмэгдэхийн хирээр багшийн ачаалал нэмэгдэж залуу багш нар өөр мэргэжил рүү хөрвөн сурах зэргээр ажлаасаа гарч байгааг тэдний төлөөлөл хэлж байсан юм.

Ийнхүү хэт их ачаалал, ажлын урт цагаас шалтгаалан багш нар хичээлээ бэлтгэх цаг ч гардаггүй байна. Тиймээс ажлын норм цагийг багасгах шаардлагатай байна.

Цэцэрлэгийн багш нар бол хүүхдийн суурь хүмүүжил, боловсролын үндсийг тавигч гол хүч. Гэвч өнөөгийн нөхцөлд тэдний гүйцэтгэж буй олон талт, өндөр хариуцлагатай ажлыг цалин хөлс, ажиллах нөхцөл, нийгмийн үнэлэмж бүрэн дүүрэн дагаж чадахгүй байна. Иймд цэцэрлэгийн багш нарын цалин, ажлын ачаалалд бодитой өөрчлөлт хийх, нийгмийн зүгээс дэмжлэг, ойлголтыг нэмэгдүүлэх нь салбарын тогтвортой хөгжилд зайлшгүй шаардлагатай алхам юм.