Нийслэлд тулгамдаж буй олон асуудлын нэг нь автомашины зогсоолын хүртээмж. Зөвхөн зогсоолын хүртээмжгүй байдлаас шалтгаалан түгжрэл нэмэгдэх, жолооч нар машинаа ачуулах, цаашлаад ачлагын компанийн ажилтан болон жолооч нарын дунд маргаан үүсэх зэргээр олон сөрөг үр дагаварууд бий болдог.
- Өнөөдрийн байдлаар нийслэлд нийт 730 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас өдөрт дунджаар 600 мянга орчим нь хөдөлгөөнд оролцож байна.
- Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийт 1800 байршилд 113.000 гаруй автомашины зогсоол байгаа нь нийт хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн ердөө 18 хувьд нь хүрэлцээтэй байна. Өөрөөр хэлбэл 10 автомашин тутмын 8-д нь зогсоол олдохгүй гэсэн үг юм.
- Зогсоолын эрэлт өдрийн цагаар хотын төв бүсэд, албан байгууллагууд орчимд, харин шөнийн цагаар оршин суугч ихтэй орон сууцны бүсэд их байна.
- Тэгвэл орон сууцанд амьдарч буй айл өрхүүд дээр нийт 200.000 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй ч ил авто зогсоол болон граш нь 80 мянга буюу 40 гаруй хувьд нь л хүрэлцээтэй байна.
Хангалттай зогсоолгүйн улмаас жолооч нар ялангуяа хүүхдийнхээ хичээл орох, тарах үед цаг хэмнэх, очих байршилдаа ойртох зорилгоор авто замын 1-р эгнээнд машинаа байрлуулах, зөвшөөрөлгүй газар машинаа үлдээдэг нь эргээд нийслэлийн авто замын түгжрэлд нэрмээс болсоор байгаа юм. Мөн зогсоол хайсаар зам дээр нааш цааш зорчих автомашин ч хөдөлгөөний эрчим саарахад нөлөөлж байна. Судалгаагаар бага тойруу орчимд өдрийн цагаар зогсоол хайхад жолооч нийтдээ 26 минут зарцуулж байна гэх тооцоолол гарчээ.
Зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, улмаар түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн 90 байршилд гадаад улсын франчайз үйлчилгээтэй авто зогсоол барихаар төлөвлөж байгаа юм байна. Ингэснээр зогсоолын тоо 70 орчим мянгаар нэмэгдэж, одоо байгаа зогсоолын хүртээмж 20 хувиас 75 хувь хүртэл нэмэгдэнэ гэж тооцоолжээ. Түүнчлэн худ-т буюу 120 мянгат орчимд нийт 7000 орчим автомашины далд зогсоол барихаар төлөвлөж байна гэж нийслэлийн засаг даргын тамгын газраас мэдээлж байна.