2013 онд ДЭМБ-аас олон улсын хэмжээнд хамгийн бохирдолтой 7 голыг нэрлэсний 5 дугаарт манай улсын Туул гол бичигдэж байжээ. Тэр цагаас хойш 12 жилийн хугацаа өнгөрсөн ч нөхцөл байдал улам бүр дорджээ.
- Туул гол нийт 882 км урттайгаас 100 орчим км буюу голын эх хэсэг нь бохирдол багатай гэж үзэж байна. Харин дараагийн 744 км нь бохирдолтой байгаа бол Биокомбинат орчмын 30 км газар маш их бохирдолтой байна.
- Голын бохирдлыг үүсгэж буй үндсэн 4 хүчин зүйл байна. 1-т хууль бус газар олголт. Одоогоор Туул голын сав газарт хууль бусаар газар олгосон 8400 гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 1249 нь газар өмчлөх, 6352 нь газар эзэмших, ашиглах зөвшөөрөлтэй байна. Харин 843 газарт ямар ч зөвшөөрөл авалгүйгээр барилга, байшин, гэр барьж суурьшиж байна.
- Дараагийн хоёр шалтгаан нь иргэдийн усны замбараагүй хэрэглээ, хүн амын төвлөрөл, нүхэн жорлонгоос үүдэлтэй хөрсний бохирдол байна. Өнгөрөгч оны судалгаагаар нийслэлийн хөрсний 70 гаруй хувь нь бохирдолтой гэж дүгнэгдсэн юм.
- Харин 4 дэх шалтгаан буюу нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудал нь Төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадал. Угтаа Төв цэвэрлэх байгууламж нийслэлийн иргэдийн хэрэглээний бохир усыг 100 хувь цэвэршүүлж, стандартад нийцсэн усыг Туул голд нийлүүлэх ёстой ч хүчин чадал нь хүрэлцэхгүйн улмаас 2022 оны тоон мэдээллээр 23 хувьтай л цэвэршүүлж байгаа төдийгүй бохир усаа Туул гол руу шууд цутгаж байгаа юм байна.
Туул голын урсац Биокомбинат, Шувуун фабрикийг дамжин Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээр урсдаг. Угтаа Туулын ус 130-аад км урссаны дараагаар өөрийгөө цэвэршүүлэх боломжтой гэж үздэг. Гэвч нийт усных нь 90 хувь нь бохирдсон Туул гол өнөөдрийн байдлаар урсгалаар өөрийгөө цэвэршүүлэх боломжгүй болжээ. Иймээс бохирын үнэр хаа сайгүй тархаж, тухайн орчимд амьдарч буй айл өрхүүдэд ч хүндрэлтэй байна. Иргэд үе үеийн Засгийн газар, шат шатны дарга нарт хүсэлт гаргадаг ч бичиг цааснаас хэтэрдэггүй байна.
Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих асуудлыг 2013 оноос ярьж, хэд хэдэн дарга нь иргэдэд амлалт өгч байсан удаатай. Харин 2017 онд Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн шинэ барилгын төсөл батлагдаж 2020 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байсан. Гэтэл төсөл дахин даамжирсаар энэ оны 10-р сард ашиглалтад орохоор болжээ.
Төв цэвэрлэх байгууламжийн шинэ барилгыг улсын комиссд хүлээлгэн өгснөөс хойш барилгын тухай хуулиар дахин 1 жил гаруйн хугацаанд туршилт хийгдэх юм байна. Гэвч энэ хугацаанд зөвхөн бохир цэвэрлэх шинэ байгууламжийг хүлээхээс илүү бусад хүчин зүйлд ч анхаарал хандуулах шаардлагатай байна.