АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп олон арван улс оронд татвар оногдуулах шийдвэрийнхээ хэрэгжих хугацааг 90 хоногоор хойшлуулсан ч тэрээр Хятад улсад дарамт шахалт үзүүлэхээ мартсангүй. Тухайлбал Д.Трамп АНУ руу импортолж байгаа Хятадын бараанд оногдуулах татварын хэмжээг дахин нэмэгдүүлж 125 хувьд хүргэжээ. Өнгөрсөн долоо хоногт татвар нэмэгдүүлэх шийдвэрээ зарласны дараа хариу үйлдэл үзүүлээгүй, яриа хэлэлцээгээр асуудлыг шийдвэрлэх хүсэлтэй байгаа 70 гаруй орны нийлүүлэлтэд өндөр татвар оногдуулахыг 90 хоногоор хойшлуулж байна гэж тэрээр хэллээ. Өнгөрсөн 1-р сард Цагаан ордонд буцаж ирснээсээ хойш Д.Трамп худалдааны түншүүдээ татвараар шийтгэнэ гэж удаа дараа заналхийлсэн боловч эцсийн мөчид заримыг нь цуцаллаа.
Дахин дахин давтагдах арга барил нь дэлхийн удирдагчдыг гайхшруулж, бизнесийн удирдлагуудыг айдаст автуулж, тодорхойгүй байдал нь зах зээлийн нөхцөл байдлыг урьдчилан таамаглахад хэцүү болголоо гэж хэвлэлээр мэдээлж байна. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент татвар нэмэгдүүлэх шийдвэрийн албажих хугацааг хойшлуулж байгаа нь улс орнуудыг хэлэлцээрийн ширээнд суулгах төлөвлөгөөний нэг хэсэг байсан гэж хэлжээ. Лхагва гарагт татварын оногдуулах шийдвэрийн хэрэгжилтийг хойшлуулсны дараа АНУ-ын хөрөнгийн зах зээл шархаа нөхөж, индексүүд 10 хувиар өссөн байна.
Лхагва гарагт Д.Трамп ямар шалтгаанаар зөвхөн Хятад улсын нийлүүлэлтэд 125 хувийн татвар оногдуулж байгаагаа тайлбарлажээ. Тэрээр “Хэн нэгэн бууны гохыг дарах хэрэгтэй байсан ч өнгөрсөн хугацаанд үүнийг хийж зүрхлэх нэгэн байгаагүй. Харин би үүнийг хийж байна. Татварын шийтгэл зөвхөн Хятад улсыг онилсон юм биш. Гэхдээ өнгөрсөн түүхээс харвал АНУ-ын хамгийн том хүчирхийлэгч нь Хятад улс байсан” хэмээн тайлбарлажээ. Энэ үеэр тэрээр уян хатан байж, заримдаа саад бэрхшээлийн доогуур шургаж, тойрон гарч эсвэл дээгүүр нь үсэрч чаддаг байх ёстой гэж гэнэтийн шийдвэрээ залруулжээ.
Тэгвэл Д.Трампын мэдэгдлээс өмнө БНХАУ-ын Засгийн газар АНУ-ын бараанд оногдуулсан 34 хувийн татвараа дахин 50 хувиар өсгөж, нийт 84 хувьд хүргэсэн юм.