Өнгөрөгч 2022, 2023 онд Хөгжлийн банктай холбоотой зээлийн асуудал үүсч улмаар учирсан хохирлын хэмжээ 2.3 их наяд төгрөгөөр тооцогдож байсан. Хяналт, шалгалтаар тус банкны санхүүгийн үзүүлэлт, зээлийн чанар хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж чадахгүй байна гэж дүгнэсэн байдаг. Тиймээс Хөгжлийн банкны тухай хуулийг шинэчлэх ажил явагдаж байгаа юм. Тэгвэл өнөөдөр Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг боллоо.
- 2017 онд Хөгжлийн банкны актив хөрөнгө 5.8 их наяд төгрөг байсан бол өнгөрсөн онд 2.8 дахин буурч 2.3 их наяд төгрөг болсон байна. Энэ нь зээл олгох, төсөл санхүүжүүлэх, эх үүсвэр татан төвлөрүүлэх зэрэг үндсэн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон гэсэн үг юм.
- Актив хөрөнгө болох 2.3 их наяд төгрөгийн 2.2 их наяд нь зээл байна. Тодруулбал, хэвийн зээл 843 тэрбум, анхаарал хандуулах зээл 125 тэрбум, хэвийн бус зээл 169 тэрбум, эргэлзээтэй зээл 586 тэрбум, муу 553 тэрбум төгрөгийн зээл байна.
- Тэгвэл нийт зээлийн багцын 1.3 их наяд төгрөг буюу 57.5% нь чанаргүй зээл байна. Үүний 26 тэрбум төгрөг нь төрийн өмчит компаний зээл байгаа бол 1.3 их наяд төгрөг нь хувийн хэвшлийн зээл байна.
- Үүнээс үүдэн өнгөрсөн жилийн алдагдал 221 тэрбум төгрөг болсон нь хөрөнгийн зөрүүг нөхөхөд 700 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн үг болж байна.
Хөгжлийн банкны тухай хуулийг 2011 онд анх баталсан бөгөөд 2017 онд шинэчилсэн байдаг. Гэсэн хэдий ч 2017 онд шинэчлэгдэн батлагдсан тус хууль үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, тэргүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зэрэг үндсэн зарчмаасаа гажсан юм. Мөн үр ашиггүй, чанаргүй зээлүүдийг дахин санхүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлж хүндхэн нөхцөлийг үүсгэх хүчин зүйл болсон байна. Иймээс шинэчилсэн хуулийн төсөлд шат дараалалтайгаар үндсэн зарчим, хяналт, шаардлагыг тодорхой тусган эксим банк буюу экспорт, импортын үйл ажиллагааг санхүүжүүлэх зарчмаар ажиллах юм байна. Мөн эдийн засгийн ашгаас илүүтэйгээр үр нөлөө, үр дүнг чухалчилжээ.
Шинэчилсэн хуулийн төсөл нийт 10 бүлэг, 45 зүйлтэй юм байна. Тухайлбал төсөл, хөтөлбөр бүрт тохирсон шалгуурыг тавьж 100 хувь төсвөөс санхүүжилт хийхгүй, төсөл санаачлагч санхүүжилтын 15 хувийг өөрөө гаргах, төслийн үе шат бүрт хяналт, шалгалт явуулах, төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд өөрийн хөрөнгөд дэмжлэг үзүүлэх зэрэг гол өөрчлөлтүүдийг багтаажээ.