Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 55 байр ухарсан гэх үзүүлэлт гарчээ. Тухайлбал, 2015 онд 54-р байрт жагсаж байсан бол хамгийн сүүлд буюу 2024 онд 180 орноос 109-т жагссан үзүүлэлт гарсан байна. Хэвлэлийн эрх чөлөөний индексээр ухарч буй гол шалтгаан нь хууль, эрх зүйн орчин таатай бус байгаа нь нөлөөлдөг гэж судалгааны байгууллагууд үздэг.
Түүнчлэн, Монгол улсад нийтдээ 20 гаруй хуульд сэтгүүлчийг ажил үүргээ гүйцэтгэсэнтэй нь холбоотойгоор хориг саад тавьсан зүйл, заалт байдаг байна. Мөн 2021-2024 оны эхний хагас жилийн байдлаар хүний нэр төрд халдсантай холбоотой нийт 56 хэргийг шүүхээр шийдвэрлэсний 30 нь сэтгүүлчтэй холбоотой байна. Мөн худал мэдээлэл тараасан гэмт хэрэгт 2023 онд 3, 2024 онд 2 сэтгүүлчийн хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байна. Сэтгүүлчдийн эсрэг хэрэгт хохирогч, гомдол гаргагч нь ихэвчлэн улс төрийн өндөр дээд албан туушалтан болон төрийн албаныхан байна.
Сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхэлж буй хүн бүрийг хүний эрх хамгаалагч гэж үздэг. Хэдийгээр хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар сэтгүүлчдийг хамгаалах боломжтой болсон нь сайшаалтай боловч иргэний хуульд хүн нэр хүндэд халдсан бол гэсэн заалтад холбогдогч нь сэтгүүлч бол эх сурвалжаа хамгаалахын тулд нотлох баримт гаргаж өгөх шаардлагаас чөлөөлөх боломжийг оновчтой тусгах шаардлагатай гэж ХЭҮК-оос мэдээлж байна.