- 7-12 настай хүүхдүүдийн 50 хувь нь, 13-18 настай хүүхдүүдийн 77 хувь нь facebook ашигладаг бөгөөд тэдний 67 хувь нь нэгээс олон тооны хаягтай байна.
- Тэгвэл олон Facebook хаягтай хүүхдүүдийн 60 гаруй хувь нь бусадтай чатлах буюу бичгээр харилцах зорилготой бол 36 хувь нь эцэг эхийн хараа хяналтгүйгээр цахим орчинг ашиглах зорилготой байдаг байна.
- Түүнчлэн 7-18 насны хүүхдүүдийн 87 хувь нь цахим халдлагад өртөж байсан бол 59 хувь нь эцэг эхдээ мэдэгдээгүй байна.
- Харин цахим халдлагад өртсөн хүүхдүүдийн 59 хувь нь эцэг, эх асран хамгаалагчдаа хэлдэггүй бол эцэг эхчүүдийн 90 гаруй хувь нь өөрийн хүүхдээ цахим орчны халдлагад өртөж байгааг мэддэггүй, цахим халдлагад өртөж байгаагүй гэж боддог гэжээ.
Сүүлийн таван жилд цахим орчинд үйлдэгдсэн 41 мянга гаруй гэмт хэргийн улмаас 460 орчим хүүхэд хохирчээ. Мөн үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой 350 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс 29 нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Энэ нь цахим орчны хэрэглээ хүүхдүүдийн дунд нэмэгдэж байгаатай холбоотой юм. Тухайлбал 7-12 насны хүүхдүүдийн 50 хувь, 13-18 насныхны 77 хувь нь Facebook ашигладаг бол 67 хувь нь нэгээс олон тооны хаягтай байна.
Үүнтэй холбоотойгоор “Цахим орчинд хүүхдийг хориотой болон хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журам” батлагдсан. Тус журамд боловсролын байгууллага, багш нар хүүхэд, эцэг эхтэй харилцахдаа аюулгүй платформ ашиглах, олон нийтийн сүлжээг гэрийн даалгавар, мэдээлэлд ашиглахгүй байхыг зөвлөжээ.
Мөн иргэдийн зүгээс цахим орчны сөрөг талуудыг хүүхдэд ойлгуулж ярилцдаг, хэрэглээнд нь хязгаарлалт хийдэг ч байнгын хараа хяналт тавьж чаддаггүй байна. Учир нь гэрийн даалгавар, сургуулийн мэдээлэл зэргийг ихэнх тохиолдолд цахим орчноос авдаг байна. Иймд цахим орчны хэрэглээг бууруулахын тулд үүнийг ч мөн адил багасгах шаардлагатай гэдгийг хэлж байна.
Тэгвэл сүүлийн жилүүдэд цахим орчны хэрэглээ, технологийн хөгжил зэргээс үүдэн гэрийн даалгавар, шаардлагатай мэдээлэл зэргийг цахим орчинд байршуулах, хуваалцах болсон байна. Мөн бага ангийн сурагчдын эцэг эхтэй нь зайлшгүй холбогдох шаардлагатай байдаг байна. Мөн улсын сургуулиудад даалгавар, сургуультай холбоотой мэдээлэл зэргийг түгээх зориулалтын платформ байдаггүй гэдгийг багш нар хэлж байна.
Тэгвэл холбогдох байгууллагуудаас хүүхдийн хэрэглээнд тохирсон платформыг бий болгохоор ажиллаж байна. Тус платформ нь хүүхдүүд албан ёсны бүртгэлээр нэвтэрч, шаардлагатай мэдээлэл, гэрийн даалгавар зэргийг авах боломжтой юм байна.
Гэсэн хэдий ч орон даяар хэзээнээс хэрэгжиж, хэрэглэгдэх эсэх тодорхой бус байна. Тухайлбал туршилтын үе шатанд явж байгаа бөгөөд эхний хэмжээнд зарим сургуулиудад танилцуулагдаж байгаа гэдгийг хэллээ.