Сүүлийн 5 жилийн хугацаанд зам тээврийн ослоор 2534 хүн нас барсны 312 нь хүүхэд байна
Манай улсад жил бүр 540 орчим  иргэн зам тээврийн ослоор нас барж байна. Ослын 98 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалж байгаа төдийгүй осол гэмтэлд өртсөн иргэдийн дийлэнх нь анхны тусламж авч чадахгүй нас барах тохиолдол гарсаар байна. Энхийн цагт зөвхөн зам тээврийн ослоос шалтгаалан үй олноороо иргэдийн амь үрэгдэж байгаа нь жолооч нарын хариуцлаггүй байдал, буруу хүрдтэй автомашин, замын бүрэн бүтэн байдлын стандарт алдагдсан зэрэг олон шалтгаанаас үүдэлтэй байна.
  • Улсын хэмжээнд сүүлийн 5 жилийн хугацаанд 125 мянга орчим зам тээврийн осол гарч, 2534 хүн нас барсан байна. Нас барсан иргэдийн 312 нь бага насны хүүхэд байсан бол 3861 хүүхэд зам тээврийн ослын улмаас гэмтэж, бэртжээ.
  • Нийт зам тээврийн ослын 70 орчим хувь нь хөдөө орон нутгийн замд үйлдэгддэг бөгөөд замын эвдрэл гэмтэл, анхааруулах тэмдэг тэмдгэлгээ, гэрэл хангалтгүй байдагтай холбоотой юм байна.
  • Өнгөрсөн жил гэхэд л 540 хүн зам тээврийн ослоос шалтгаалж нас барсан бол цаашид энэ тоо жил ирэх тусам зуу зуугаар нэмэгдэх төлөвтэй байгааг мэргэжилтнүүд дүгнэжээ.
  • ДЭМБ-аас манай улсын зам тээврийн ослын нөхцөл байдлын талаарх магадлалыг тооцоолохдоо хүн ам, жолооч тээврийн өсөлтөөс хамаарч 10 жилийн хугацаанд 1000-аас дээш хүний амь хохирч, 5000-аас дээш хүн бэртэж гэмтэх магадлалтай гэж дүгнэсэн байна.

НҮБ-аас 2020-2030 оныг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах жил болгон зарлаж, зам тээврийн ослын улмаас нас барсан болон гэмтсэн хүний тоог 50 хувь бууруулах зорилт дэвшүүлснийг монгол улсын засгийн газар дэмжиж, стратеги, хөтөлбөр батлан хэрэгжүүлсэн боловч нөхцөл байдал төдийлөн сайжрахгүй байгааг судалгаа, тооцоолол харуулж байна. Манай улсад зам тээврийн осол ихээр гарч байгаа нь замын стандарт хангалтгүй, буруу хүрдтэй тээврийн хэрэгслийн тоо ихэссэн, жолоочийн хариуцлагагүй байдал зэргээс шалтгаалж байна. Иймд цаашид автомашины татварыг нэмэгдүүлэх хөдөө орон нутагт төлбөртэй автозамыг бий болгор шаадлагатай гэж үзжээ.

Улсын хэмжээнд бүртгэгдэж байгаа нийт осол аваарын 70 орчим хувь нь хөдөө орон нутагт үйлдэгдэг нь замын эвдрэл гэмтэл, тэмдэг тэмдэглэгээ хангалтгүй байдагтай холбоотой. Мөн түүнчлэн хөдөө орон нутагт эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж хангалтгүй байдгаас шалтгаалан зам тээврийн осолд өртсөн иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барах тохиолдол өндөр байна.

Иймд замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд системтэй, онолын үндэслэлтэй үйл ажиллагаа явуулахгүй бол цаашид ослын тоо нэмэгдэж болзошгүй байгааг харгалзан хэд хэдэн арга хэмжээ авч ажиллахаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс дараах зөвлөмжүүдийг гаргажээ. Үүнд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол улсын зарим хуулийн заалтыг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах, аюулгүй байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох, урьдчилан сэргийлэх, судалгаа, сургалт сурталчилгааг эрчимжүүлэх, олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдэд уриалах зэрэг ажлуудыг эрчимжүүлэхээр тогтсон байна.